Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 35.336, мөрдөн байцаалтын 2.865 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 238 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 4, Өмчлөх эрхийн эсрэг 85, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34 хэрэг байна.
Шийдвэрлэсэн онцлог хэргээс дурдвал:
Нэр бүхий иргэн нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.А-ийн “Соно” нэртэй зээлийн аппликейшн рүү хууль бусаар нэвтэрч халдан орж 900 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэн Ж.У-г энэ сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.