Монголбанкны Зээлийн мэдээллийн санг иргэд “хар жагсаалт” гэж нэрлэдэг. Иргэн аливаа банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь эргэн төлөөгүй тохиолдолд энэ жагсаалтад орж, дахин зээл авах боломж хязгаарлагддаг.
Харин Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас энэ жагсаалтын мэдээлэлд шинэчлэл хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, зээлээ хугацаанд нь төлөөгүй “хар жагсаалт”-д орсон ч, тухайн өр, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан хүмүүсийн мэдээллийг шинэчлэв.
Энэхүү шийдвэр нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон.
Тэгвэл дээрх шийдвэрийн хэрэгжилт нь хоёр үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд эхний ээлжид 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарав) хамруулж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийсэн.
Ингэхдээ, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх зээлийн муу ангилалтай ч зээл, өр, төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагад нийцтэй нийт 127,761 иргэн, ААН-ын мэдээллийг тохируулгад хамруулав.
Харин шийдвэрийн хэрэгжилтийн хоёр дахь шатанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд өр, төлбөрөө бүрэн барагдуулж хаасан бүх ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийв. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн энэхүү нэгдсэн тохируулгад нийт 27,554 иргэн, ААН-ийн хугацаа хэтэрсэн ангилалтай, үйлдэгдэлгүй төлбөрийн үүргүүд хамрагдаж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй боллоо.
Ингэснээр, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-74 тоот тушаалаар ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж, нийт 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохируулгад хамрагдлаа.