УИХ-аас 2019 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталснаар сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн албаны шинэтгэл эрчимжиж, төрийн албан хаагчдыг сургах, чадваржуулах зорилт бодитоор хэрэгжих болсон юм.
Төрийн алба өрсөлдөх чадвар, бүтээмжийн ойлголтоор улам бүр баяжиж, хүний нөөцийн удирдлагын онол, чиг хандлагын цоо шинэ орчныг бүрдүүлсэн бөгөөд Монголын төр анх удаа хүний нөөцийн аудитыг хийж эхэллээ.
Мөн төрийн албаны шалгалтын хэлбэрийг өөрчлөх, агуулгыг шинэчлэх, ёс зүйн шаардлагыг нэмэгдүүлэх, цогц чадамжийн хүрээг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг дэлхийд нэр хүндтэй сургуулийн сургалтын хөтөлбөрт хамруулах боломжоор хангах зэрэг олон зорилтууд ажил хэрэг болсон нь Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл төрийн албаны бодит шинэтгэлтэй хосолж байгааг илэрхийлж байна.
Дээрх шинэтгэлийн хүрээнд төрийн албанд гарсан ахиц дэвшил, үр дүн, сорил бэрхшээл, шинэтгэл хийх, хэрэгжүүлэх учир шалтгаан, Төрийн албаны шинэтгэлийн мэдээлэл, судалгаа, зөвлөмж, санал, тайлбар бүхий Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн “Өөрчлөлтийн удирдлага” цахим ном гарчээ.
Энэхүү ном нь төрийн албаны хөгжлийн хандлагын талаарх мэдлэгээ өргөжүүлэхэд төрийн албаны шинэтгэлийг мөр зэрэгцэн хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид төдийгүй байгууллагын хөгжилд дэмжлэг болж, шинэ санаа, сэдэл төрүүлэх “гарын авлага”-ийн үүрэг гүйцэтгэх боломжтой бөгөөд зургаадугаар сарын 10-ны өдөр www.mplus.mn-д байршжээ.
Эх сурвалж: Төрийн Албаны Зөвлөл