АМЬДРАЛ ӨӨРЧИЛСӨН БОДОЛ

  • 0
  • 1154
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хичээлд сонирхолгүй байсан тул 10-р ангиа төгсөөд их сургуулийн тооны шалгалтанд тэнцсэнгүй. Ингээд бөөн юм болж байж Нягтлан бодогчийн ангид ямар мэргэжил болохыг нь ч ойлголгүй орсон. Ня-бо мэргэжилд татагдаж дурласангүй.
 
Харин 3-р курс орох болоход анх удаа амьдралаа нэг дүгнэж бодсон юм. Шоу, тоглоом, америк явахаас өөр юм бодохгүй явсан би анх удаа нөхцөл байдлын анализ хийсэн нь тэр. Америк явах худлаа болж, өөр мэргэжил сонгоно гэвэл мөнгө төгрөг ч үгүй, юунд дуртайгаа ч ойлгохгүй явав.
 
Тэгээд бодсон нь...
 
Амьдралынхаа 20 жилийг сурахад зарцуулсан гэх боловч хичээлд дургүй (заах арга барил нь надад таараагүй бололтой) иймд юм сурсангүй. Одоо мэргэжлээ солино гэвэл дэндүү хугацаа алдсан, бас мөнгө алга. Тэгэхээр дургүй ч гэсэн анх удаа хичээл зүтгэл гаргаад ня-бо мэргэжлээ эзэмшье...
 
Энэ ганцхан эрүүл саруул бодол миний амьдралыг өөрчилж би дээд сургуулиа онц дипломтой төгссөн. Үүнд маань тусалж дэмжсэн олон хүмүүст талархая. Олон зөвөлгөө харлаа. ДУРТАЙ ажлаа хий, ДУРТАЙ юмаа сур гэж. Амьдрал тийм хялбар гэж үү?! Дуртай ажил, хичээлээ сонгоод явах тийм боломж хэдэн хүнд байх вэ. Харин амьдрал бол өөрт байгаа боломжоо үнэлж, урдаа байгаа ажил-хичээлээ төгс сайн --- чин сэтгэлээсээ хийх тухай юм шүү.
 
Дур, шохоорхолоо удирдаж, өөрийнхөө өмнө байгаа ажлаа чин сэтгэлээсээ хий. Зөөгч, угаагч, худалдагч, ня-бо, инженер бүх ажил сайхан. Тэр ажлаа чин сэтгэлээсээ хийж чадвал дараагийн шатанд гарах нь гарцаагүй. Би хэзээ ч захирал болно, амжилтанд хүрнэ, улс орны төвшинд ажиллана гэж бодох нь битгий хэл мөрөөдөж ч байгаагүй. Над шиг дундажийн дундаж толгойтой, элдэв крангүй хүнд бодох ч юм биш байв.
 
Гагцхүү өмнөө байгаа боломжийг гололгүй, чин сэтгэлээсээ ажлаа хийж сурсан. Өөрийгөө жолоодож сурсанд л байгаа юм.
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх