Ардчилсан нам бол эрх барьж байсан нийгэмдээ нэлээн нөлөө бүхий улстөрийн хүчин. Гэвч УИХ-ын сонгуулиар хоёр жил дараалан ялагдаж, хамгийн сүүлд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дотоодын хагаралаасаа болж, ялагдал хүлээв. Энэхүү жил дараалсан ялагдал нь нэлээн хүчтэй сөрөг хүчин гэгддэг АН-ын хувьд хүнд "шок" байв.
Үүнээс хойш намын эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл газар авч, уг намыг босч ирэхгүй болтол нь нэр хүндийг нь нийгэмд унагаж байна. Сэтгүүлч Р.Эмүжин Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ бүгд л адилхан "хулгайч" гэж саяхан бичсэн байдаг.. Тиймээ тэдний эрх мэдлээс, улстөрийн нөлөөллөөсөө зууралдан үлдэх гэсэн шунал, энэ намыг юу ч үгүй хийх нь нэгэнт тодорхой болчихлоо.
АН-ын даргын сонгууль болдог ч сонгогдсон дарга нь хүлээн зөвшөөрөгдөхгүй өнгөрсөн нэг жилийг ардаа орхилоо. Хоёр дарга гарч ирдэг. Өөр өөрсдийн тодруулсан намын даргыг дээд шүүх бүртгэх ёстой хэмээн мэдэгдэж, тэмцдэг. Дээд шүүхийг буруутгадаг. Тэд дотооддоо учраа ололцож чадахгүй байгаагаа бусад руу тохдог.
Энэ удаагийн сонгуулийн дараа ч энэ байдал үргэлжлэх юм биш байгаа гэсэн эргэлзээ, таамаг олны дунд байна. О.Цогтгэрэлийн АН-аас намын дарга сонгох сонгууль зохион байгуулж, энэ өдрүүдэд сонгуулийн үйл ажиллагаа явагдаж байна. Ямартай ч Х.Баттулга, Батсуурь гэх хоёр нөхөр өрсөлдөж байна.
Энэ үйл явцыг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэ бол жүжиг хэмээн мэдэгдчихлээ. Тэгэхээр асуудал цаашид дахиад л сунжрах, АН-ынхан хоёр хуваагдан тэмцэх сонголт дахин үлдэж байна. Харин АН-ын дотоод сонгуулийн хороо хэрвээ энэ удаагийн сонгуулиас сонгогдсон даргыг Дээд шүүх бүртгэхгүй бол тэмцэнэ гэж мэдэгдээд байна.
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр нийт гишүүдээс сонгогдсон даргыг Дээд шүүх бүртгэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Бүртгэх ёстой. Учир нь Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанаас гарсан 38-р тогтоолыг Ардчилсан нам, нийт гишүүдтэйгээ хамтраад биелүүлчихлээ. Даргын сонгуулиа явуул гэсэн явуулж байна. Тийм учраас сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн даргыг Улсын дээд шүүх бүртгэх үүрэгтэй юм. За бүртгэхгүй бол бид тэмцэхээс өөр зам байхгүй. Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүд бүгд тэмцэнэ. Орон нутгийн гишүүд дэмжигчид бүгд ирж тэмцэнэ гэдгээ илэрхийлж байгаа" хэмээв.
АН-ынхан нэг хэсэг нь сонгуульдаж, нөгөө хэсэг нь мэдэгдэл хийж, нэг хэсэг нь тэмцэнэ хэмээв. Ямартай ч АН-ын дотоод зөрчилдөөнөө нийгэмд нялзаан тэмцэл хийх нь байна. Бие биендээ гомдох асуудлаа нийгэмдээ нялзаана. Бүр цаашилбал, төрийн байгууллагуудад ч нялзааж, мэдэгдэл хийж, ард түмнийг талбайд гарч ирж тэмцэхийг хүртэл урайлж л байсан шүү дээ. Энэ жил ч намын дотоод асуудал, хоёр тамга, хоёр даргын асуудал нийгмийн асуудал болон тэмцэл болон өрнөх бололтой.