ГЕРМАН УЛС ОРОСООС ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛАА БУУРУУЛАХЫН ТУЛД КАТАР УЛСТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  • 0
  • 136
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Оросын эрчим хүчний хараат байдлаас салах бодлогын хүрээнд Герман улс Катар улсаас шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулжээ.

Одоогоор Европ тивийн орнууд зөвхөн газрын тос худалдаж авахад өдөрт $285 саяыг ОХУ-д төлдөг. Үүний хамгийн том хэсгийг Герман улс төлдөг юм.

Катарын нийслэл Доха хотод бизнесийн төлөөлөгчидтэйгөө айлчилсан Германы эдийн засгийн сайд Роберт Хабек өчигдөр “Урт хугацааны эрчим хүчний хамтын ажиллагааг эхлүүлэхээр талууд санал нэгдсэнийг дуулгахад таатай байна” гэж мэдэгджээ.

Гэхдээ тэр гэрээний тоо баримтуудыг дурдаагүй байна. Германы эвслийн засгийн газрыг бүрдүүлэгч Ногоон намын тэргүүн Хабек богино хугацаанд ОХУ-аас авдаг эрчим хүчний нийлүүлэлтийг бууруулахын эсрэг байгаа.

Хэрвээ ийм огцом өөрчлөлт хийвэл Германы эдийн засагт хохиролтой гэж тэр үздэг. Үүнийхээ төлөө тэр гадаадад төдийгүй дотооддоо шүүмжлүүлж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Бундестагт видео холбоогоор үг хэлсэн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эдийн засгаа урьтал болгож буй Германы эрх баригчдыг хурцаар шүүмжилсэн юм.

Катар улс 2025 он гэхэд шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх юм байна. Хабекын ярьснаар Герман улсад одоогоор шингэрүүлсэн хий хүлээж авах терминал бэлэн биш тул Оросын хийн нийлүүлэлтээс шууд татгалзах боломжгүй гэнэ.

Германы хоёр компани шингэрүүлсэн хийн терминал байгуулах зөвшөөрөл авсан ба гурван жилийн хугацаанд нэвтрүүлэх боломжтой гэсэн тооцоотой байна.

2020 онд Герман улс ОХУ-аас 56 тэрбум шоо метр байгалийн хий импортолж байжээ. Европын Холбооны нийтдээ жил бүр 168 тэрбум шоо метр хий ОХУ-аас импортолдог.

Германы нийт хийн импортын 55 хувийг ОХУ нийлүүлдэг байна. Тус улсын хийн нийт хэрэглээний 40 хувь аж үйлдвэрийн зориулалттай байдаг гэнэ.

Катар улс 2020 онд нийтдээ 106 тэрбум шоо метр хий экспортолсны дийлэнх хэсэг нь Азийн зах зээлд гарч байжээ.

Герман улс цаашдаа байгалийн хийн импортынхоо нэг улсаас хамаарах хамаарлыг багасгаж, Норвеги, Канад, АНУ-аас нэмж авахаар төлөвлөж буйг Хабек мэдэгдсэн байна.

Байгалийн хийнээс гадна Герман улс газрын тосны хэрэгцээнийхээ 34 хувийг ОХУ-аас авдаг юм. Уг нийлүүлэлтийн ихэнх хэсэг Зөвлөлтийн үед байгуулсан Дружба дамжуулах хоолойгоор нийлүүлэгддэг байна.

 

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх