ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН СУРАГ АЛДАРЧ, ХӨГЖЛИЙН БАНК УЛСТӨРЧДИЙН ШОУНЫ ТАЛБАР БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

  • 0
  • 137
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монголын төр Хөгжлийн банкийг 2011 онд байгуулсан. Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой байв. Гэвч улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг “хөгжүүлж” ирснийг бид саяхан мэдэв.
 
Уг нь аль 2016 онд, дараа нь 2019 онд төрийн хяналт шалгалтын болоод хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банк болохоо байсныг мэдэгдэж, тэр дагуу эрүүгийн хэрэг хүртэл үүсгэж шалгасан байдаг.
 
ХӨГЖЛИЙН БАНК УЛСТӨРЧДИЙН МЭДЭЛД ИРСЭН ТУХАЙ
 
Засгийн газар 2010 оны долдугаар сарын 20-ны өдөр “Гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх тухай” 151 дүгээр тогтоолыг баталж байжээ.
 
Тэгээд 2011 оны наймдугаар сарын 30-нд Монгол Улсын Хөгжлийн банк Солонгосын Хөгжлийн банк хооронд “Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж байв. Тэр арга хэмжээнд тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд, Тэргүүн Шадар сайд байсан Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун, Солонгосын Хөгжлийн банкны удирдлагууд, Солонгосын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Хан Дай Ву, Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах Ким Жанг Жин нар оролцож байжээ.
 
Тэрхүү “Удирдлагын гэрээ” ёсоор Хөгжлийн банкийг хоёр талын хамтарсан банк удирдахаар болсон. Солонгосын Хөгжлийн банкнаас таван мэргэжилтэн ирж, дөрвөн жил ажиллах гэрээ байгуулжээ.
 
Тухайн үед Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 1979 оноос Солонгосын Хөгжлийн банкинд ажиллаж байсан, Узбекистан улс дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ким Жанг Жинийг, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн газрын захирлаар Солонгосын мэргэжилтнүүдийг томилж байв. Мөн Монголын Хөгжлийн банкинд ажиллах солонгос мэргэжилтнүүдийн цалин, зардлыг Солонгосын Хөгжлийн банк хариуцахаар заажээ.
 
Гэвч үүнээс хоёрхон жилийн дараа манай Засгийн газар 2010 оны тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгоод, Солонгосын мэргэжилтнүүдийг хөөгөөд явуулсан байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 25-ны 192 дугаар тогтоолоор 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх тухай” тогтоолын Хоёр дахь хэсэгт “...Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2010 оны III улиралд багтаан зохих журмын дагуу эхлүүлж, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр банкны гүйцэтгэх удирдлагыг гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт тус тус даалгасугай” гэснийг хүчингүй болсонд тооцсон. Ингээд Хөгжлийн банкны удирдлага Засгийн газарт шилжиж улстөрчдийн мэдэлд ирсэн түүхтэй.
 
“ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ЦЭГЦЭЛНЭ” ГЭСЭН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН СУРАГ АЛДАРСАН ТУХАЙ
 
Бар жилийн сар шинийн баяр дамнуулаад Хөгжлийн банкны удирдлагууд чанаргүй зээл, найдваргүй зээлдэгчдийг зарлаж, энэ талаар Засгийн газар, эрх баригч Ардын нам залгуулаад хүчтэй дуугарч, олны анхаарлын төвд гаргаж ирсэн юм.
 
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 28-нд Ардын намын генсек Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргасан. Тэрбээр мэдэгдэлдээ “2012 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3.2 их наяд төгрөгийн зээл олгож 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна. Эдгээр зээлийг Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас босгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээл бөгөөд 2023 онд төлөх гадаад өр юм. Уг зээлдэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд Монголын төр хариуцаж төлөх талаар ч яригдаж эхэллээ. Үүнтэй Ардын нам санал нийлэхгүй.
 
Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно.
 
Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Ардын нам дэмжихгүй бөгөөд зээл авсан цөөнхөд давуу байдал олгож, өр төлбөрийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах нөөц боломжоос төлөх нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна” гэсэн. Генсек Д.Амарбаясгалан түүнээс хойш Хөгжлийн банкны асуудлаар хэд хэдэн удаа байр суурь илэрхийлж байв.
 
Гэвч сүүлийн үед тэрбээр энэ талаар ам нээхээ больжээ. Харин түүний идэвхтэйгээр ярьж мэдэгдэж гаргаж ирсэн Хөгжлийн банкны асуудал улстөрчдийн шоуны талбар болоод эхэлсэн байна.
 
ХӨГЖЛИЙН БАНК УЛСТӨРЧДИЙН ШОУНЫ СЭДЭВ БОЛСОН ТУХАЙ
 
Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны хоёрдугаар сарын 14-нд “2015 онд УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт гарч байсан. 2018 онд ЗГХЭГ-ын Хяналт шалгалтын удирдамж баталсан. Хөгжлийн банканд 2019 онд Аудитын газар, ЗГХЭГ-аас шалгалт хийгдэж, 2020 онд Сангийн яам, 2021 онд Монголбанк шалгаж, дүгнэлтүүд нь эцэслэгдэж, 10 жилийн турш яригдаж байсан боловч одоо олны дэмжлэг авч нэлээн чухал асуудал болж байна.
 
Хууль хяналтын байгууллагуудаар АТГ-т 10, ЭЦА-нд гурав, Дүүргийн цагдаагийн газарт хоёр, шүүхэд 25, ШШГЕГ-т найм, хяналтын шатанд зургаан хэрэг шалгагдаж байна.
 
Хөгжлийн банканд үүссэн асуудлаар хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ асуудлыг хар цагаанаар нь ялгах шаардлагатай. Ном журмаар нь зээл аваад зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй. Харин зээлийг зориулалт бусаар ашигласан, улс төрийн хамааралтай хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой” гэв.
 
Мөн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2019 оны тавдугаар сард Улсын ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой илэрсэн зөрчлүүдийг ангилахыг хүссэн бичиг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкны 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралд танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж авч үзнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс өрийг төлөхгүй. Цаашдаа Хөгжлийн банк бол эксим буюу экспортыг дэмжих, импортыг орлох төслийг дэмждэг олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй.
 
Хамгийн гол нь улс төрийн нөлөөгөөр зээл аваад, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй, шүүхэд шилжсэн асуудал байгаа. Эдгээр хариуцлагагүй хүнээс болж баялаг бүтээгчдийн нэр хүнд унаж, Хөгжлийн банк өнөөдрийн түвшинд хүрсэн. Тэдэнд Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна” гэсэн юм.
 
Түүнчлэн Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын даргын захирамж гаргаж, 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр УИХ-ын ажлын хэсгийг томилсон. УИХ байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд Б. Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж байгаа юм. Энэ ажлын хэсгийн тухайд “Ажил үүргийн давхардалтай, бараг шаардлагагүй” гэх дүгнэлтийг Хөгжлийн банкны асуудлын эргэн тойронд эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр гишүүд АТГ, ЭЦА-ны ажлыг ч барьж авч хийчих гээд энд тэнд төвөг удаад байгаа тухай мэдээлэл нэлээд гарч байна.
 
Үүнээс гадна нэр бүхий УИХ-ын гишүүд ч Хөгжлийн банкны асуудлаар элдвийн байр суурь илэрхийлэх болсон. Товчхондоо, Хөгжлийн банкны асуудал нь дээр хэлсэнчлэн “зуун ямаанд жаран ухна” гэдэг шиг улстөрчдийн сэдэв болж, улс төрийн шоуных нь тавцан төдийхнөөр дуусах вий гэсэн эргэлзээ нийгэмд бий боллоо.
 
“ХОНЬ” АЛДЧИХСАН “ХОНЬЧИД”-ЫН ТУХАЙ
 
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл Хөгжлийн банкны асуудал сөхөгдөж эхлэхээс нэг тодорхой байр суурийг баримталж ирсэн. Хөгжлийн банкны хэрэгт дан ганц бизнесмэнүүдийг буруутгаад, хууль шүүхээр далайлган үйл ажиллагааг нь дампууруулах бус асуудлыг олон талаас нь авч үзэх нь зүйтэй гэсэн.
 
Тэгээд ч энэ аж ахуйн нэгж компаниуд Хөгжлийн банкны хөрөнгө мөнгийг давхиж ороод дээрэмдчихээгүй. Бүх зээл Хөгжлийн банкны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын хороо, Эрсдэлийн удирдлагын газрын “гараар орж” шийдэгдсэн байдаг.
 
Нэг үгээр хэлбэл, зээлийг Хөгжлийн банкны ажилтнууд буюу бидний хэлээд байгаагаар “хоньчид” олгосон. Харин тэдэнд нэр бүхий улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд нөлөөлсөн гэдэг нь АТГ, ЭЦА-ны шалгалт, зарим шүүхийн шийдвэрээр баталгаажиж байна.
 
Тэгвэл тэдгээр “хоньчид”, тэр дундаа гол үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй өдгөө дэвшээд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажил хийж буй Г.Дөлгөөн зэрэг хүнтэй ямар нэг хариуцлага ярихгүй байгаа нь дээрх эргэлзээг улам нэмж байгаа хэрэг юм.
 
Г.Дөлгөөн 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкныхаа талаар "Монголбанкны зүгээс банкуудад шалгалт хийхдээ аж ахуйн нэгж, харилцагчийн мэдээллийг чанд хадгалдаг. Бидний харж байгаагаар Хөгжлийн банк дотоодын санхүүгийн тайлангаа нууцлалын зэрэгтэйгээр гаргаад олон нийтэд танилцуулж байгаа. 2018 оны шалгалтаар өнөөдрийн гарч буй зөрчлүүд ихээр гарч байсан. Тухайн үед зээл, активын харилцаан дээр томоохон санкц тавьж өгсөн. "Самурай" бондын иенийн санхүүжилт авснаас үүдэн хууль хүчний байгууллага дээр эх үүсвэртэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. 52 зээлдэгчийн зээлийн материал дээр иж бүрэн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 755 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах үүрэг өгсөн. Дотор нь гурван ангиллыг хийсэн. Ногоон ангиллын хувьд хэвийн байна. Улаан болон бусад бүс рүү орсон зээлдэгч нарыг хууль хүчний байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан" гээд сууж байх юм. Ингэж өөрөө өөрийгөө шалгасан тухай ярьж, төрийг ч, олон нийтийг ч даапаалаад сууж байх юм. Бас 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ энэ хэрэг дэгдэхээс хэдхэн хоногийн өмнө Хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлын ажлаа өгөөд явчихсан байдаг.
 
Жорж Оруэллийн “Амьтны ферм” зохиолын “Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй” гэдэг энэ буюу. Хамгийн гол нь Хөгжлийн банкны асуудлыг нэгмөр цэгцэлнэ гэсэн, бас эрх баригч намын генсекийн хувьд боловсон хүчний бодлого хуваарилалтыг мэддэг Д.Амарбаясгалан энэ мэт “гахай”-нуудын талаар огт ам нээдэггүй нь анхаарал татна.
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх