Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг АН-аар овоглох ёс суртахуунгүй этгээд хэмээв. Тэрбээр энэ тухайгаа "Тодорхой хүмүүс намын даргын сунгаа гэгчийг зарлаж, гишүүдийг төөрөгдүүлэх зүйл хийж эхэллээ. АН-ын нэрийг барьсан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдэж байна.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэн Х.Баттулга нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдөр АН-ын гишүүнчлэлээ үндэслэлгүйгээр дүрмийн бусаар сэргээсэн.
Эрх баригч МАН-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа нь олон нийтэд ил болсон байхад АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаанд оролцож байгаа нь намын эв нэгдэл үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, хагалан бутаргах хүчгүй байлгах гэсэн эрх баригч намын зохион байгуулалттай ажиллагаа гэж хардаж байна.
Иргэн Х.Баттулга нь АН-аас сонгогдон Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа цаазын ялыг сэргээх, төмөр замын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг Монгол Улсад хохирол учруулах байдлаар өөрчлөх зэрэг үйлдэл хийж ирсэн. Тэрбээр АН-аар овоглох ёс суртахуунгүй этгээд.
Намын дотоод сонгуулийн хорооноос даргын сунгааг зарлаагүй тул дүрмээ баримталж, эрх зүйт ёсыг дээдлэн гишүүдийн хагалан бутаргах аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байна. Хууль дүрэм зөрчсөн үйлдэлд бид хүлээцтэй хандахгүй, хатуу арга хэмжээ авна" гэлээ.