Үе чинь дууссан гээд л хараах юм, өв соёл үлдэнэ биз дээ

  • 0
  • 148
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Сурагчаа зодсон багшийн асуудал сүүлийн хэдэн өдөр сошиалын дуулиан боллоо. Нийгэм даяар багшийг үзэн ядав. Багш ч уучлалт гуйлаа. Муухай бичсэн гэх шалтгаанаар багш сурагчийн гар руу цохьсон байна. Гэхдээ сошиалд явж байгаа зураг шиг цохисон асуудал байхгүй гэнэ. Харин сурагчийн биед халдсан энэ асуудлаар уг багшид хариуцлага тооцох тухай боловсролын байгууллага мэдэгдлээ. 
 
 
Энэ асуудал өнөөдөр сошиалыг дахиад л хоёр хувааж, маргаан үүсгэж байна. Багшийг өмөөрч байна. Зарим нь багшийг үзэн ядаж байна.  Энэ асуудал дээр сэтгүүлч В.Сарантуяа өөрийн өнцгөөс ийнхүү харж, багшийг өмөөрчээ. 
 
Тэрбээр "Заа сошиалаар хүний амьдрал, хувь заяаг шийддэг цаг ирсэн юм бол хэдэн үг хэлье ээ. Өнөөдөр боловсролын байгууллагад ажиллаж байгаа мянга, мянган багш нар бий. Энэ олон багш нарын өнөөгийн цалин хөлс, амьжиргааны төвшин ямар байгааг бид бүгд л мэддэг.
 
Хамгийн бага цалингаар маш өндөр ачаалалтай ажилладаг. Зарим багш нар нь хүүхдүүд амрахыг хүлээж байгаад аргаа бараад Солонгост очиж шал угааж, жорлон цэвэрлэж байхав дээ. Манай сэхээтнүүд шүү дээ. Тэнд очоод Монголын хамгийн мундаг Ардын багш байсан ч цэвэрлэгч л бол цэвэрлэгч. Хөрсөн дээр бууж байгаа үнэн бол энэ. Сүүлийн 10 гаруй жил багш нарын ачаалал дээд цэгтээ хүрч хүүхэд бүртээ хүрч ажиллаж чадахгүй байгаа нь бас л үнэн. Тэгвэл энэ бүхэнд эцэг эхчүүдийн тусламж туслалцаа хэр байдгийн. Өсвөр насны хүүхэдтэй миний хувьд эцэг эхийн хуралд очиж гийгүүлэхээс өөр ид шидгүй. Багшид жинхнээсээ тусалж чаддаггүй.
 
Харин багш бидний үр хүүхдийн хойч ирээдүйд хамгийн их санаа тавьж, аав ээжүүдэд элдэв дээдээр хэлүүлээд л явдаг. Тэсээд үлддэг байх. Заа яршиг хоолноосоо салаад яахав. Чимээгүй л байя гэх олон багш нар бий. Одоо болоод байгаа кэйсийн тухайд яагаад нэг талын байр суурийг барьж багшийг ажлаас нь халж байгаа хэрэг вэ. Боловсролын сайд Л. Энх-Амгалан та сэтгүүлч хүн. Би таны удирдлага дор тодруулбал, "Ил товчоо" сонинд таныг хариуцлагатай нарийн бичгийн дарга хийж байхад чинь ажиллаж байсан.
 
Та бидэнд сэтгүүлч хүн тэнцвэртэй мэдээллийг хангах үүрэгтэйг, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстойг зааж сургаж байгаагүй бил үү. Яагаад нэгхэн өдрийн сошиалын сэвээг даахгүй шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Тиймээс та гаргасан шийдвэрээ эргэж нэг хараач. Мэдээж хүүхдийн хүчирхийллийг дэмжихгүй. Гэхдээ цаад хэргийн үнэн мөнийг олохыг хичээгээд үзээч. Тэр багш боловсролын байгууллагад 32 жил тасралтгүй ажилласан гэж байна. Хоёрхон жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж байжээ.
 
Маш харамсалтай. Насаараа хүний хүүхдийн төлөө явчихаад насны бөгсөнд тэтгэврээ хуулийн дагуу авч чадахгүйд хүрэх нь байна ш дээ. Энэ багшийг би танихгүй, гэхдээ иргэдийн санал гомдол бичигдсэн байна, та харж байгаа биз дээ. Сошиалд идэвхтэй байдаг хүний хувьд. Нөгөө талаар бид аав ээж багшийнхаа үгийг хууль мэт дагадаг уламжлалтай. Үеэ өнгөрөөсөн гээд өв уламжлал үлдэнэ. Бусдын төлөө явдаг буянтай ажилтай багш нарынхаа яг одоогийн амьдралыг та нэг бодоод үзээрэй Боловсролын сайд аа?  Сэтгүүлч В. Сарантуяа 2022. 03. 17" гэжээ. 
 
Хаана хаанаа бодох асуудал. Хүүхдийн сургалт хүмүүжлийн асуудал нийгэмд асуудал дагуулах болсон энэ цаг үед бид хаана хаанаа бодолтой байх ёстой. Ганц багшид, эсвэл хүүхдэд, эсвэл эцэг эхэд бурууг тохох гэхээсээ илүүтэй, хэн нэгнийг яллах гэж улайрахаасаа илүүтэй, тухайн хүүхдийн ирээдүйд сэтгэл чилээх ухамсарт сэтгэл зүйг өөртөө төлөвшүүлэх ёстой. 
 
Сүүлийн үед хүүхдүүдийг сургахаасаа илүүтэй эцэх эхийг нь сургах хэрэгтэй юм байна гэх яриа гараад буй. Эцэг эхийн харилцаа хандлага ч гэсэн хүүхдийн сургалт, хүмүүжилт адилхан нөлөөлж байгаа гэдгийг дурьдах хэрэгтэй. Зөв бурууг нь шударгаар дэнсэлдэг сайхан нийгэмд амьдрах юмсан. 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх