Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг АН-аас ХОШУУ, ХОР, ХОНЗОНГОО тат хэмээн Р.Эмүжин ийнхүү бичжээ

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Гурав аа, хошуу, хор, хонзонгоо татаад өг дөө...
 
Эргээд харъя даа. Энэ гурван наймаачинд хэн хэнээсээ дээрдэх юу байсан бэ? Тэд бол он жилийн уртад ардчиллын наймаачин гэдгээ яруу тодоор баталсан ялгуусан ченжүүд гээд хэлчихмээр санагддаг юм. Хэн хэн нь Монголын ардчиллын нэр, нөлөөгөөр улс төрийн өндөр албанд урт, богино хугацаагаар залраад амжсан байдаг.
 
Ц.Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ардчиллын алтан хараацай нэртэй тэрээр Ерөнхийлөгч болчихоод байхдаа Н.Энхбаярын тэнэглэлийг тэргүүн эгнээнд үргэлжлүүлж, шүүх засаглал, АТГ-ыг нохойд барьдаг мод, номхонд далайдаг ташуур болгон хувиргаж, хаант засаглалыг санагдуулам хуулийн өөрчлөлтүүдийг сэм шургуулж, хаан суудлын олбогийг засч явсан. Түүнд Монголын ардчилалд авчирсан гай ч бий, гавъяа ч бий, гэхдээ өөрийн улс төрийн нэр хүндийг бөөцийлсөн нэмнээ нь түүнээсээ хэд дахин илүү дээ. Өндөр албан тушаалд хүрэх болгондоо өнөөх л ардчилал, ардчиллын анд нөхдөө барьцаалан тухайн цаг үе болгоны эрх баригчидтай наймаа хэлэлцэж замаа зассан. Энэ мэтийн наймаа тойргийн хуваарилалт, томилгоо, нэр дэвшигчдийн эрэмбээр хэмжигдэж байлаа. Гадаад харилцаанд харин гайгүй дэвшил болж чадсан гэж боддог.
 
Харин Эрдэнэ, Баттулга хоёрын хувьд яг одоо АН-ын хүзүүгээр олсоор оосорлоод, хоёр тийш нь хожоо хайгаад хамаг хүчээрээ ханз татаад зогсчихсон улс даа. Элбэгдорж дунд нь эрээн даавуу шиг намирч, эртний олдвор шиг хөшөөстэй. Тэдний гарт АН амь тавьж байна даа. Эрдэнэ намын даргын сунгаагаар Тулгатыг гаргаад бүтэн жил бүрээ үлээж шоудсан. Түүний түгжилдсэн алхам болгон энэ намыг сэхээний өрөөнд сэхэл авах аргагүй хэвтэрт уясан. Залуу үеэсээ итгэлээ ч, сэтгэлээ тас харамлаад, таг дараад хэвтчихсэн.
 
Сүүлдээ Цогтгэрэл, Тулгат хоёр маргаанаа эвийн хүчээр таслах гэж оролдоод ч Эрдэнийн харын сэтгэл, хармын занг тэжээхээс хэтрээгүй. За Баттулга бол МоАХ-ын 33 жилийн түүхийн 16 жилд нь дүрэмгүйгээр даргалж суусан, дүрс хэлбэр болгоноо наймаалцсан даа. Гайхалтай нь АН-аас гарсан хоёр Ерөнхийлөгч хоёулаа өөрсдийгөө Монголын Ким Жон Ун гээд бодчихсон байдаг юм. Тэдний энэ шунал хүслийн шуурганд хөөгдөж тарамдсан АН-ыг Эрдэнэ элгээр нь мөлхүүлээд, эрчээр нь уруудуулсан. Хамгаалж байсан нь үнэн хэдий ч, харин одоо хамаг тамирыг нь шавхаж байна.
 
Үүнтэй үнэхээр маргах юм байхгүй. Тэгсэн одоо МоАХ хоёр хуваагдаад, АН хоёр талцаад, үндсэндээ үүрээ эвдээд, үүх түүхээ үртэс болтол шахаж байна. Дашрамд хэлэхэд Элбэгдорж, Эрдэнэ, Баттулга нар гурвуулаа 1963 оныхон. Эрдэнэ МоАХ-ын даргын тамга тэмдгийг ямар ч юм хувь тавилангаар Баттулгад гардуулж байсан түүхтэй. Хожим Баттулгыг Ерөнхийлөгч болгосон байдаг. Гэтэл одоо тэдний хэн хэн нь АН-ыг чөлөөлж чадахгүй чөдөрлөж, тавьж чадахгүй талхилцаад удлаа. Удах тусам эрх баригчдад ашигтай, энэ улсад адармаатай нөхцөл байдал үүслээ.
 
Ардчилал одоо Элбэгдоржийн арга залийн торны цаана, Эрдэнийн хар хорын торны ард, Баттулгын аваа өгөөний торон дотор хоригдсон хоригдол болсон. Баттулга УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон, сайдын сэнтийд хоёр удаа заларсан, Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдсон. Эрдэнэ УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, сайдын суудалд нэг удаа заларсан, Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. За тэгэхээр гурав аа, одоо хошуу, хор, хонзон гурваа татаад АН-ын залуу үеийнхэнд залуур атгуулаад өг дөө. Зориудаар хагалан бутаргаад байхгүй бол зовлон нэгтэй залуус чинь зогдороо өндийлгөх цаг тулсан байна. Тэгээд ч явах хүнээр ачаа бүү татуул гэдэг юм, өнгөрч буй үеийнхэн ирж буй цагийг захиалахгүй ээ, за...
 
 
Р.Эмүжин
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх