Тоон гарын үсгээр үйлчилгээ үзүүлж эхлэх тухай УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан мэдээллээ. Ийнхүү үйлчилгээ үзүүлэх ажил тавдугаар сарын 1-нээс эхлэх юм байна.
Тэрбээр "Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж буй нэгжүүд болон сонгуулийн үед хурууны хээг ашиглана гэж заасан. Бусад тохиолдолд хурууны хээг ашиглахгүй. Иймд хурууны хээний оронд тоон гарын үсэг хэрэглэнэ. Иргэд биедээ иргэний үнэмлэхээ авч явах шаардлагатай.
Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн чип дээр бичиж өгнө. Энэхүү тоон гарын үсгээ ашиглаад хурууны хээг уншуулж байсан төхөөрөмжид иргэний үнэмлэхээ уншуулаад өөрийгөө таниулан үйлчилгээ авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хурууны хээ уншуулахын оронд тоон гарын үсгээ хэрэглэж эхэлнэ гэсэн үг.
Тоон гарын үсгийг иргэдэд олгох ажил ид явагдаж байна. Тавдугаар сарын 1-н хүртэл бэлтгэл ажлыг хангах ёстой. Бүх нэгжээр буюу сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүд, цахим машинаар дамжуулан иргэдэд тоон гарын үсэг олгохоор төлөвлөөд байна" гэв.