Турк улсаас ирсэн карго ачааны хяналт шалгалттай холбоотой асуудлаар Гаалийн байгууллагаас мэдээлэл хийх үеэр гаалийн байгууллагатай холбоотой статистик мэдээллийг танилцууллаа.
ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар "Гаалийн байгууллага 2021 онд нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж, улсын төсөвт хоёр тэрбум 772 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 1.6 тэрбум төгрөгийн торгууль шийтгэлийг ногдуулж, шийдвэрлэсэн.
Нийт зөрчлийг харвал,
85 хувь нь орох чиглэлд
15 хувь нь гарах чиглэлд үйлдэгдсэн.
Нийт зөрчилд холбогдогсдын 55 хувь нь иргэн юм.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллагын хэмжээнд 192 зөрчил илрүүлж, 251.3 сая төгрөгийн торгууль шийтгэл ногдуулж, 450 гаруй сай төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн.
Тухайлбал, Чингис хаан олон улсын нисэх буудалд илрүүлсэн 60 зөрчлийн 53 хувийг гаалийн болон бусад татвараас зайлсхийх зөрчил эзэлж байна. Хил нээгдсэнтэй холбоотойгоор хязгаарласан барааны зөрчил нэмэгдсэн. Мөн Турк улсаас чиглэсэн бараа эргэлт, гадаад худалдааны бараа эргэлт нэмэгдэж дотоодын эрэлтийг хангаж буй эерэг үзүүлэлт бий. Гэхдээ түүнийг дагалдаж, хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны хууль бус эргэлт нэмэгдэх хандлагатай байна” гэв.
Цахим орчинд цацагдсан гурван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхины тухайд гэвэл 2021 оны наймдугаар сард Улс хоорондын шуудан илгээх гаалийн газраас Монгол Улсын иргэн Африкийн улсаас илгээмж хүлээн авахдаа нэг кг орчим мөс буюу метафетаминыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэдгийг тэрбээр нэмж хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр мөн өнгөрсөн оны сүүлээс Монгол Улс руу сүүлийн үед үйлдвэрлэгдсэн, маш хүчтэй үйлчилгээтэй шинэ төрлийн синтетик мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлж байж болзошгүй үйл ажиллагааг гааль, хууль сахиулах байгууллагын хамтарсан арга хэмжээгээр илрүүлээд, холбогдох ажиллагааг хийж байгаа. Бүх ажиллагаа дууссаны дараа хамтарсан байдлаар мэдээлэл өгөх болно.
Гаалийн байгууллагаас иргэн Ю-гийн бүрдүүлэлт хийж байгаа ачаанаас алт үнэт эдлэл илэрсэн гэсэн албан ёсны мэдээлэл хийгээгүй. Нарийвчилсан үзлэг шалгалт дуусаагүй" гэв.
Түүнчлэн алт, мөнгөний арилжаа эрхлэгч иргэд гаалийн татвараас зайлсхийхдээ нисэх буудлын эд хэрэгсэлд бараагаа нуух арван удаагийн зөрчил гарсан ба 167 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Тодруулбал, Турк улсын Истанбул хотоос ирсэн иргэн 3.6 кг алтыг ариун цэврийн өрөөнд нууж бусдад дамжуулахыг завдсан болохыг гаалийн байгууллагаас хэлэв.