БХБ-ын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр болсон ЗГ-ын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Тэрээр "Өнөөдөр Засгийн газраас Хөшигийн хөндийтэй холбоотой шийдвэр гарсан. Хөшигийн хөндийд Монгол Улс шинэ хот барих асуудлыг үе шаттай судлан төлөвлөж байна. Монгол Улсад 1940-1990 онд ЗХУ-ын тусламжтай МАХН-ы удирдлага дор 40 гаруй хот тосгон барьсан. Хамгийн сүүлд 1980 онд Багануур хотыг барих шийдвэр гаргаж байсан.
Сүүлийн 30 жилд цогц, том хэмжээний хот төлөвлөлтийн ажил хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд бид Хөшигийн хөндийд байр зүйн зураг буюу уул, жалгыг судлах, газар хагалбарын мужийг тогтоох буюу 8 балл гэдгийг тогтоосноор баригдах байшингуудын даацыг тогтоосон.
Өмнөд Солонгост л гэхэд Сөүлийн төвлөрлийг задлахын тулд Сэжүн хот руу төр захиргааны байгууллагуудыг гаргах ажлыг 20 жил хийж байна.
150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг бид хийж байна. Өнөөдрийн Дархан, Эрдэнэт хотууд 100 мянган хүнтэй хот. Энэ хотод бидний хийх гол шийдвэр бол төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттай хотоос гаргах тухай юм. Энэ бол улс төрийн шийдвэр. Төрийн захиргааны төв байгууллагууд биш, зарим байгууллагууд.
Ингэснээр Хөшигийн хөндийн төлөвлөлтөд төрийн ямар нэгэн байгууллагын байршлыг олж, ямар байгууллага гарах вэ гэдгийг судалж, төрийн байгууллагууд гарвал Улаанбаатар хотоос таталцлыг бий болгох хэрэгтэй гэж үзсэн. Хөшигийн хөндийд эдийн засгийн болон төрийн захиргааны таталцлыг бий болгосноор хүн амын төвлөрлийг бий болгох юм.
Таталцлыг бий болгохын тулд тэнд дэд бүтэц, хүн амьдрах орчин, ажлын байр байх ёстой. Өнөө маргаашдаа хийгдчихгүй ажил гэдгийг ойлгох ёстой. Өмнөд Солонгост л гэхэд Сөүлийн төвлөрлийг задлахын тулд Сэжүн хот руу төр захиргааны байгууллагуудыг гаргах ажлыг 20 жил хийж байна. Ямартай ч улс төрийн шийдвэр гарснаар Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ЗГ-аар батлуулна.
Эхний ээлжид онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ ложистикийн хэсэгтэй холбоотойгоор инженерийн дэд бүтцийн зургуудыг хийж дуусаж байна. Тухайлбал, дулааны станц хаана барих, шугам сүлжээ хаагуур явах, усан сан хаана байх, цэвэрлэх байгууламж, цахилгааны том хэлхээнүүд хийгдээд хаана баригдах, үерийн далангууд зэрэг инженерийн дэд бүтцийн ажлын зургууд гарч ирж байна. Инженерийн дэд бүтцүүд, газрын доод талын бүтцийг барьснаар дарааа нь хувийн хэвшлийн олон барилга байшин баригдах боломжуудыг бид тавьж өгч байна.
Хуийн хэвшлүүд дэд бүтэцтэй болсноор хүмүүсийн таталцал бий болгох, төр захиргааны байгууллагуудыг төвлөрүүлэх шийдвэр гаргаж байна. Хөшигийн хөндийд улсын тусгай хэрэгцээнд 12 мянган га газар авсан. Дараа нь 19 га газар авсан. Нийт 31 мянган га газар болоод байна. 19 га газар 3200 ААН өмчилчихсөн байгаа. Туул голоос доошоо газар өмчлөөд өгчихсөн олон ААН байна. Газраа юм бариагүй 200 гаруй ААН-ийн зөвшөөрлийг хүчингүй болгож байна.
Мод тарьсан газрууд байна. Нөхөн олговор үе шаттай яригдана. 19 мянган га газар хотоо төлөвлөж, замуудыг тавих боломжуудыг бий болгоно. Хөшигийн хөндийд төлөвлөлттэй уялдуулж, газар олгох чиглэл өгсөн." гэв.