Г.Батбаяр: Ямар ч тохиолдолд хүний жам ёсны сэтгэлгээний хувьд охиноо өмөөрч таарна

  • 0
  • 127
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Г.Батбаярын охин бусдын толгой дээр халуун кофе асгаж,  олон нийтийн газар танхайрч, өөрийнхөө үйлдлийг ухамсарлахгүй, харин ч өөрийгөө зөвтгөсөн тайлбар олон нийтийн сүлжээнд хийсэн зэрэг үйлдлээрээ олны дургүйцлийг хүргээд байгаа билээ. Уг үйл явдал өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хамгийн их анхаарлыг татсан. Түүний аав энэ хугацаанд ямар нэгэн тайлбар хийгээгүй. 

Тэгвэл Г.Батбаяр нь "Өдрийн сонинд охиныгоо өмөөрнө" хэмээн тайлбар хийжээ. Тэрбээр "Би эхлээд мэдээгүй байсан боловч хэсэг хугацааны дараа хэвлэлээс олж мэдсэн. Маргаан бүхий үйл явдал гурван хэсэг үйлдлийг хамарч байна гэж үзнэ. Эхнийх нь танхайн шинжтэй үйлдэл буюу хэсэг охид кофе шопт суужээ. Охиныг минь ширээнд суугаад захиалга өгөх хүртэл 20 орчим минутын турш олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйл хөдлөлийг гаргаж, тасралтгүй муухайгаар харж, түүнийг шоолон хөхрөлдөж, эвгүй дуу авиа гаргах зэргээр Зөрчлийн хуулийн 5.2.1-д заагдсан танхайн шинжтэй үйлдлийг гаргасан байна.

Охин захиалсан кофегоо авчхаад охид руу очиж “Та нар зүгээр үү. намайг таньдаг юм уу" гэх зэргээр асуулт асууснаар маргаан үүссэн байна. Хариуд нь хохирогч гэх охин “Чи хэн бэ. надтай хэн ч ингэж харьцдаггүй. хөгшин п... минь. я...минь" гэх мэтээр доромжилсон. Охин хариуд нь “Та нар надаас дүү хүүхдүүд байна, та нартай харьцах шаардлага алга’ гээд цаашаа эргэсэн. Нөгөө охин хормойноос татаж чангаагаад "Надаас уучлалт гуй, сөгдөж мөргө" гэсэн байдлууд танхайн үйлдэлд хамаарна.

Охин маань "Мөргөдөг нь би биш" гэдэг байдлаар кофегоо асгасан. Энэ хүртэл миний охины гэм буруутай үйлдэлд хамаарна. Үйлдэл тус бүрээр нь гэм буруутай шинжид нь хариуцлага оногдуулах ёстой. Эхний хэсгийн кофе асгах хүртэл үйлдэл дээр М охин танхайн үйлдэлдээ зөрчлөөр хариуцлага хүлээх үүрэгтэй. Хятад, Солонгос, Японд гурван секундээс илүү удаан ширтэхийг хориглодог. Гэтэл манайд үүнийг хуульчлаагүй учраас энэ төрлийн маргаан маш их гардаг.

Түүнээс хойших кофе асгаж байгаа үйлдэл нь миний охин хариуцлагаа хүлээх нь шударга, зүй ёсны асуудал. Гэмтлийн зэрэг гарвал гэмтлийн зэргээрээ гарахгүй бол зөрчлөөрөө торгуулж таарна. Кофе шопын гадна зууралдаж байгаа үйл явц. Нэг эрэгтэй, гурван эмэгтэй, тоо хүчний хувьд давамгай байдалтайгаар миний охин руу довтолж ,"Чи солиотой юм уу, араа харж яваарай, ална шүү" гээд орилж байгаа нь бичлэгээр баримтжуулагдсан.

Миний охиныг хоёр талаас нь бичлэг хийж байгааг харсан байх. Тэр бичлэгийг тасалж олон нийтэд тараахаас өмнөх үйл явц дээр залуу нь охиныг минь элдвээр доромжилж, биед нь халдсан байдаг. Тэр үйлдэл дээр нь залуугийн эсрэг гомдол гаргасан байгаа. Хэдийгээр хүн гэм буруутай үйлдэл гаргасан байж болох боловч түүнийг таслан зогсоох зорилгоор хүний биед халдах эрх тухайн эрэгтэйд байхгүй.

 Охиноо өмөөрнө. Ямар ч тохиолдолд хүний жам ёсны сэтгэлгээний хувьд охиноо өмөөрч таарна. Гэхдээ охин маань буруу үйлдэл хийсэндээ хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. Биеэ барьж чадаагүй, хүний толгой дээр кофе асгаж байгаа үйлдэл бол туйлын буруу. Миний охиныг цагдаагийн байгууллага дээр очсоных нь дараа цагдаа Батзориг дүрмийн бусаар харьцаж, орилж, бархирч, гap утсанд нь хүрч, түлхэн унагаах зэргээр хүндэтгэлгүй харьцаж байгаа нь Цагдаагийн ес зүйн дүрмийн 2.4.1, 2.4.2-ийг зөрчсөн.

Уг нь хоёр хүүхэд эвлэрээд, бие биеэсээ уучлалт гуйгаад rap бариад, гомдол саналгүй гээд салаад явчихсан байдаг. Гэтэл цагдаагийн ёс бус, дүрмийн бусаар, эрүү шүүлт тулгах хэлбэрээр харьцаж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдангуут нөгөө хохирогч охиноос байцаалт авч шинжээч томилох зэргээр үйл явдал өрнөсөн байна. Зөрчил маргаан үүсмэгц цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дуудлагаар ирэхэд охид хоорондоо ойлголцоод "Бид хоёр эндээс салчихъя, гомдолгүй" гэхэд цагдаа нь "Нэгэнт дуудлага өгсөн юм чинь хэлтэс дээр очоод мэдүүлэг өгөөд яв" гэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод нөгөө охин нь түрүүлж мэдүүлгээ өгөөд яваад өгсөн. Миний охин мэдүүлэг өгөхөөр үлдсэн. Ингэхдээ хоёр хүүхэд нэгнээсээ уучлалт гуйсан. Нөгөө охин танхайн үйлдлээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан, миний охин кофе асгасан үйлдэл дээрээ уучлалт гуйсан. Тэр үед охины толгой, дух гэмтэлгүй байсан. Энэ нь кофе шалзлам халуун байгаагүй байх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. Гэхдээ ямар ч байдалд байсан гэсэн кофе асгаж байгаа нь миний охины туйлын буруу. Гэхдээ үүн дээр ялгамжтай авч үзнэ.

 Сэтгэл санаа цочрон давчдах, хүндээр доромжлогдсоны улмаас хүний биед хөнгөн, хүнд. хүндэвтэр хохирол учруулах гэсэн гэмтлийн зэрэглэл байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2.1-д гэмт хэрэг гарах болсон үндэслэл, шалтгааныг тогтоохдоо хэзээ, хаана гарсан, хэн үйлдсэн, яаж гарсан гэдгийг мөрдөгч заавал нотлох үүрэгтэй. Дээр нь олон нийтэд тараад байгаа бичлэг бол дундаас нь тасалж, өөрт ашигтай байдлыг гаргаж тавьсан дуу дүрсний бичлэг яваад байгаа. Ердийн байдлаар рек дараад явж байна уу, эсвэл эхлэх товчлуур асааж нэлээд бичигдсэний дараа түүнийг зогсоож тасалж, ашигтай байдлын хэсгийг тавиад байна уу. Үүнийг мэргэжлийн шинжээчийн байгууллага тогтооно гэх мэтчилэн маш олон маргаантай зүйлүүд үүсэж байгаа.

 Зориуд өөрт ашигтайгаар бичлэгийг ашигласан. Өөрт давуу байдал үүсгэх гэж өөрийнхөө хууль бус үйлдлийг халхавчлах, нуун дарагдуулах зорилгоор таслаад байгаа юм уу. Яагаад бичлэгийг бүтнээр нь тавихгүй байгаа юм бэ. Гадна бүр хоёр охин бичлэг хийж байна лээ. Хоёр талаас нь бичээд байгаа хэрнээ яагаад тэр бичлэгүүд хоёул өшиглөж байгаа үйлдлээс эхэлж* миний охины явах үйлдэл дээр зэрэг тасарч байгаа.

Энэ нь бичлэгийг засаж янзалсныг нотолно. Нэгэнт дотор бичлэг хийж эхэлсэн бол тэр бичлэг гадна гартал үргэлжилсэн байна. Миний охиныг явах гэхэд татаж чангаагаад* "Чи муу байж бай, хөгшин авгай минь* Чамайг жинхэнэ байхгүй болгоно" гэх зэргээр доромжилж бичлэг хийчхээд тэр нь яагаад бүтнээрээ байхгүй байгаа нь хууль бус үйлдэл байгааг харуулна.

Энэ бол цагдаагийн байгууллагын ажилтан Батзориг нь өөрийнхөө гэм буруутай үйлдлийг далдлах зорилгоор, хуйвалдаж* зориудаар тараасан үйлдэл юм болов уу гэж би хардаж байна. Хуулийн дор иргэн бүрд тэгш эрхийн зарчим үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, миний охин ч хариуцлагаа хүлээнэ, бусад этгээдүүд ч хүлээнэ. Эрүүгийн хуулийн 21.12.1 гээд эрүү шүүлт тулгах гэснээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг буруутгасан үйл баримт бий. Энэ зүйл анги дээр "Төрийн албан хаагч ял, шийтгэл оногдуулах зорилгоор бусдын бие махбод. сэтгэл санаанд шаналал үүсгэсэн бол 1-5 жилээр хорино" гэж заадаг.

Энэ зүйлд зэрэг шаардахгүй. хэлбэрийн бүрэлдэхүүнээр шийтгэл онооно. Цагдаагийн ажилтан Батзориг ч энэ зүйл ангиар шалгагдах ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талд өөрийнхөө ажилтны гэм буруутай үйлдлийг халхавчлах, цаашлаад цагдаагийн байгууллагын нэр хүндийг хамгаалах, хоосон нэр төр. алдар хүнд, эдийн бус баялгийн төлөө цагдаа нар нэг иргэний эрх зүйн байдлыг дордуулах эрх байхгүй.

Мөрдөн байцаалтын нууц задруулах гэсэн Эрүүгийн хуулийн 21.9.1 дэх хэсэгт заагдсан зүйл анги байна. Үүнд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг прокурорын зөвшөөрлөөр тодорхой хэсгийг олон нийтэд түгээх. задруулж болох тухай заасан байдаг. Кофе шопын бичлэг бол 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 17:00 цагийн орчимд хэрэг бүртгэлийн хэрэгт авагдчихсан баримт.

Гэтэл энэ баримт хавтаст хэрэгт CD хэлбэрээр орчихсон байхад хэн нэгэн олон нийтэд тараасан үйлдэл ажиглагдаж байна. Үүнийг прокурорын зөвшөөрлөөр тараасан юм уу. эсвэл хохирогчид тараасан уу гэдэг дээр өргөдөл гарган шалгуулна.  Оройн 23:00 цагаас эхлээд тэр бичлэг цацагдсан баримт байна. Тэр үед охин маань нөгөө охин руугаа яриад "Хоёулаа эвлэрсэн биз дээ. Яагаад цацаад байгаа юм бэ. Эмчилгээ шаардлагатай бол эм тариа авч өгье" гэсэн. Хариуд нь "Би санамсаргүй тавьчхаж, удахгүй устгачихъя" гэж хэлээд л цацсан байгаа юм. Тухайн өргөдөл прокурорт танилцуулагдах хуульд заагдсан хугацаа болоогүй байгаа нь энд гэмт хэрэг үйлдэгдсэн байгааг харуулж байна" гэх мэтээр ярьсан байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх