Бусдын захиалгаар иргэдийг заналхийлэн айлган сүрдүүлж, зодох, хутгалах зэрэг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдийг гуравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө цагдаагийн ажилтнууд дайчлан баривчилсан байна.
Энэхүү дайчлан баривчилгаагаар эрэгтэй 37 настай М /урд нь таван удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 42 настай П /урд нь дөрвөн удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 29 настай А, эрэгтэй 29 настай Т /урд нь таван удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 56 настай Д /урд нь хоёр удаагийн ял шийтгэлтэй/ нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх этгээдүүдээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах шинжилгээ авахад синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд удаа дараа бусдын захиалгаар иргэдийг айлган сүрдүүлж, зодох, хутгалах зэрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд иргэд та бүхний эрх чөлөөнд халдсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болон энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.