Ц.Рэнчинсэнгээ: Тариаланчид маш хүнд сорилтын өмнө ирээд байна

  • 0
  • 147
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монголын тариаланчдын үндэсний холбооноос "Газар тариалангийн асуудлууд, цаашид шийдвэрлэх арга зам" сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ "Дайн самуун монголын тариаланчид, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт нэлээд хүндрэл учруулах урьдчилсан таамаг бий болоод байна. Ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг импортын бүтээгдэхүүн болох техник тоног төхөөрөмж, үр бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтэд одооноос саад үүсэж эхэлчхээд байна.

Өмнө нь оны эхэнд бид хөрс бордох бордоогоо татаад авчихсан байдаг байсан. Гэтэл энэ жил нэг кг ч бордоо татаж авч чадаагүй байна. Урд болон хойд хөршийн эдийн засгийн хориг, тээврийн гацаанд орчихсон байдалд байна. Нөгөө талаар бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдсэн. Тодруулбал, сүүлийн 10 хоногт улаанбуудайн дэлхийн зах зээлийн үнэ 1.4 сая төгрөгөөс доошгүй болчхоод байгаа бол шатахуун 115-116 ам.долларт хүрээд байна.  

Энэ бүхнээс шалтгаалан тариаланчид яаж тариа будааг тарих вэ гэдэг маш хүнд сорилтын өмнө ирээд байгаа учир гуравдугаар сарын 10-ны өдөр Тариаланчдын их хурал хийхээр цуглах гэж байна.

Хаврын тариалалт эхлэх хүртэлх хоёр сар хүрэхгүй хугацаанд амжиж юмаа бүрдүүлж чадах уу үгүй юу гэдэг асуудал тулгамдаад байна" гэсэн юм. 

Мөн Монголын үндэсний тариаланчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Цог “Тариаланчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид өмнө нь үүсэж болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэл хийж байсан. Гэтэл өмнө нь болгоомжилж байсанчлан эрдэлтэй нөхцөл байдал яг одоо үүсээд байна. Тухайлбал, тариаланчид бүгд санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон. Бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлсэн боловч одоог хүртэл мөнгөө авч чадаагүй олон хүн байна. Нийт хураасан ургацын 30 гаруй хувь нь үтрэмийн талбай дээрээ ялзарсан зэрэг нэлээд хүндрэлтэй байдал үүсээд байгаа.

Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бодит байдал дээр 20-30 хувь нэмэгдсэн нь мэдрэгддэг. Гэтэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн нэмэгдэл ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийг илэрхийлж байдаг. Өнөөдрийн байдлаар бидэнд шаардлагатай орц 100-150 хувиар үнэ нь нэмэгдчихээд байна. 2022 онд хүнсний хомсдол зэрэг нэлээд хүнд байдалд орж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байна.

Тиймээс энэ асуудалд маш хурдан арга хэмжээ аваасай гэж Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдаас хүсэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх