Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар баг Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид өчигдрийн 16:12 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид мөсний баяр болж байгаа газар буюу “Хүй толгой” гэдэг газраас хөдөлгөөн үйлдэж таван км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж хойд хоёр дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг 5 цаг 36 минут ажиллаж 21:54 цагт татан гаргасан байна.
Тус автобус доторх 15 зорчигчид бүгд эсэн мэнд гарсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Монгол орны бүх гол мөрөн, нуур тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим голын дунд болон адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрсэн гэдгийг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Цаашид мөсний үзэгдэл эрчимжиж мөс нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж буй.