Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөөний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ Ерөнхий сайд асан М.Энхсайханыг урьж, хамтран ажиллаж байгаа талаараа ярив.
Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхийн тулд цогц ажлуудыг хийнэ. Энэ бүхнийг хийх суурь өөрчлөлтийг авчрах хууль эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Өмнө нь Улаанбаатар хот 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол одоо 880 гаруй тэрбумын хөрөнгө оруулахаар болоод байна.
Том хөрөнгө оруулалтууд давхар яригдана. 10 жилийн тогтвортой орлогыг бүрдүүлж байж Улаанбаатар хот хөгжинө. Үүний тулд бизнесээ тэлэх ёстой. ААН-үүд дарамтгүй орлого олох боломжтой. Бүтээмжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулъя гэж байгаа.
Энэ хүрээнд мэргэжлийн олон чадварлаг хүнтэй хамтарч ажиллаж байгаа. Нэг хүнийг онцлоход, М.Энхсайхан Ерөнхий сайдыг Улаанбаатар хотын хөгжил, эдийн засаг, хотын эдийн засаг гэсэн бодлого гаргахад хамтарч ажиллах санал тавьсан. Дэмжсэн. Хамтраад явж байгаа. Бодлогоо боловсруулаад бэлдэж байгаа" гэлээ.