Импортын татварыг маш өндөр тогтоон, үйлдвэрлэгч орон болж бусдын хараанаас гарцгаая

  • 0
  • 122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Шинэ он гарлаа. Золгон ирсэн энэ онд эдийн засаг тэлсэн, хүн бүр өрх бүр, аж ахуйн нэгж бүхэн дор бүрнээ үйлдвэрлэл эрхэлсэн, түүнийг нь төр засаг бодлогоор дэмжсэн он жил байх болтугай. Хуучин оны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амаа цангатал ярьсан “Шинэ сэргэлтийн бодлого” хий хоосон уриа лоозон биш, мөн ард түмэнд таалагдах гэсэн эрх баригч намын даргын улиг болсон популист амлалт биш, бодит ажил хэрэг, улс орныхоо ирээдүйг харсан стратеги төлөвлөгөө болж биелээсэй. Тариа тарьж, мал маллахаас бараг бусдыг чадахаа больсон, шинэ зуунд нийт бараа бүтээгдэхүүний 90 хувь нь урд хөршөөс хамааралтай байгаа хөөрхийлөлтэй монголчууд минь бусдын хараанаас гарах цаг болжээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр цар тахлын энэ үед Хятад хилээ хааж, Орос бензин шатахуунаар хяхаж бид ямар өрөвдмөөр байдалтай шинэ оныг угтав. Үүний бурууг гадныхан руу чихэх хэрэггүй. Туурга тусгаар улс орон эдийн засгийн хувьд гаднаас хараат байхын зовлон тамыг бид яс махандаа тултал амслаа.

Тэгэхээр одоо үйлдвэрлэгч орон болж, наад захын жижиг сажиг зүйлээс авахуулаад өөрсдөө хийж болох бүх л юмыг хийж эхэлье. Бусдын гар харж амаа ангайж, элгээ эвхэж суудгаа больё. Засаг төр нь ч төр шиг байж, улс орныхоо ирээдүйг бодож зарим зүйл дээр хатуу зогсох хэрэгтэй байна. Тухайлбал, гаднаас орж ирж буй барааны импортын татварыг маш өндөр тогтоох хэрэгтэй байна. Тэгж байж бидний амьдралд өөрчлөлт шинэчлэлт орно.Цар тахал монголчуудад амаргүй хүнд сорилт байсан ч эх орондоо үйлдвэрлэгч болох эрс эргэлтийн он жилүүдийг авчирлаа. “Ямар ч бараа тавааргүй боллоо. Амьдрал зогслоо, хил хурдан нээгдээсэй” гэж бодож хүлээж цөхөх биш тасраад байгаа тэрхүү бараагаа сайн муу, чанартай чанаргүй нь хамаагүй гол нь өөрсдөө үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхийг хүн бүр хичээж мэрийдэг болмоор байна.Өнөөдөр Монгол Улс импортын бараандаа ердөө таван хувийн татвар тавьдаг. Хөгжихгүй байгаагийн хамгийн гол шалтгаан энэ. Бид үйлдвэрлэл эрхлэхгүй, үйлдвэрлэл эрхэллээ ч гаргасан бүтээгдэхүүн нь зах зээлд ашиггүй, аж ахуйн нэгжүүд юу ч хийгээд үр ашиг гардаггүйн нүцгэн үнэн ерөөсөө импортын таван хувийн татвар. Тавхан хувийн татвартай учир гаднаас юу ч хамаагүй орж ирж, хил гаалиар зогсоо зайгүй бараа цутгаж байдаг. Ганцхан жишээ татахад, энэ бүхний үр дүнд Эрээн, Улаан-Үд яаж цэцэглэн хөгжив. Наана нь байгаа манай Замын-Үүд үхрийн сараалжин хашаа шиг ямархан дүр зурагтай байгааг бид мэднэ.

“Аль ч улс оронд эдийн засгийн стратеги суурь бодлого гэж байдаг. Нийгэм эдийн засгийн суурь стратеги нь үндэсний аюулгүй байдал(ҮАБ)-ын бодлогыг агуулж байдаг. Гэтэл энэ байдал Монголд алдагдсан. Үндсэндээ ҮАБ алдагдчихаад байна. Манай улс суурь хэрэгцээний бүтээгдэхүүний хувьд хараат бус бие даасан байдалтай байх юм бол эдийн засгийн аюулгүй байдал хангагдах үндсэн нөхцөл бүрдэнэ. Гэвч суурь хэрэгцээ болох хүнс, цахилгаан эрчим хүч, нефть зэрэг нь гадны хараат байна. Дотоодынхоо хэрэгцээгээ 100 хувь биш юм аа гэхэд 80-90 хувийг нь манайх дотоодоосоо хангаж байх хэрэгтэй. Хэрвээ хил хаагдах, эсвэл улс төрийн хориг, байгалийн гамшиг, дэлхий нийтийг хамарсан цар тахал боллоо гэхэл суурь хэрэгцээний бүтээгдэхүүнээ дотоодоосоо бүрэн хангах чадамжтай байх ёстой. Ингэж гэмээнэ улс төрийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, бие даасан улс гүрнийхээ статусыг хадгалж чадна. Энэ бүх зүйл өнөөдөр Монголд алдагдчихаад байна” гэж эдийн засагч Х.Батсуурь хэлж байсан. Тэрээр “Манайх хөгжиж байгаа орны статустай учраас импортын бараандаа 20-иос дээш хувийн өндөр татвар тогтоох бүрэн боломжтой. Хуулиндаа өөрчлөлт оруулж, үүнийг бид нэн даруй ашиглах ёстой. Ашиглахгүй байгаа нь улсынхаа эдийн засгийг зориудаар унагах бодлого явуулаад байна уу даа гэсэн хардлага төрүүлдэг. Өндөр татварыг тодорхой бүтээгдэхүүнүүд дээр тавьж, үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Манайх өнөөдөр дотооддоо үйлдвэрлэл эрхлэх чадваргүй зөвхөн хэрэглээний улс болсон” гэж эдийн засагчийн хувьд байр сууриа тодорхой илэрхийлж байсан.

Тийм ээ, бид импортын бараандаа маш өндөр татвар тогтоож үнийг нь тэнгэрт тулгамаар байна. Хоёр хөрш маань импортын зарим бараандаа дээд тал нь 40-60 хувь хүртэл татвар тогтоосон байдаг. Орос руу манай мах ямар өндөр татвартайгаар хил давдаг гэж санана. Монголдоо борлуулах, орос руу экспортлох ялгаагүй гэж яригддаг. Бид яг ийм жишиг тогтоомоор байна. Хил хаалттай байхад эхлээд нарийн ногоо тасарлаа гэж баахан сүржигнэцгээсэн. Дараа нь зүү тариурын нөөц дууслаа, ингээд үхэх хэрэг үү гэж орилолдсон. Бүр сүүлдээ муурын элс тасарлаа гээд амь тавих шахаж байна. Мөн шил арчигчийн шингэн тасалджээ гээд бас эрэл хайгуул болцгоож байна. Энэ бүхнээ одоо эх орондоо хийх гэж зүтгэцгээе. Хэрвээ хил нээгдвэл муурны элс, хүнсний ногоо, шил арчигчийн шингэн өөр юу байна гарын доор хийчихэж болох бүх бараанд маш өндөр татвар тавьж, үнийг нь хэд дахин нэмээд өгөх нь зөв. Тэгж байж бид үйлдвэрлэгч болно. Татварын үнэ хуучин шигээ тавхан хувь байвал гаднаас вагон вагоноороо орж ирээд бид хийх гэж хэзээ ч зүтгэхгүй, хуучин шигээ гадны хараат байсаар байх болно. Харин шил арчигчийн шингэний үнэ тэнгэрт хадаад ирэхээр далай шиг энэ их архиа устай хольж саванд хийгээд зарах байлгүй. Муурны элсний үнийг дийлдэхийн аргагүй өндөр тогтоогоод өгөхөөр хэд гурваараа нийлээд цаас нааж элс шигшин эрхбиш муурны элс гаргаад ирнэ байлгүй. За тэгээд хүнсний ногооны үнийг маш өндөр болгох хэрэгтэй. Тэгж байж бид бүхэн нарийн ногоо, бүх ногоогоо энэ хавраас тариад эхэлнэ. Техник технологи өндөр хөгжсөн өнөө цагт үнэндээ юуг ч бүтээж болохоор.

Моносын Эрдэнэчимэгийн ногооны хүлэмжийг бид харсан. Цэвэр гадны технологиор, гадны эрдэмтдийн зөвлөгөө заавраар эх орондоо бүх л ногоог яг стандартынх нь дагуу ургуулж байна. Гадны зөвлөгчидтэйгөө интернэтээр холбогдоод нүүр нүүрээ харж яриад болчихож байна. Үүн шиг муурны элс, шил арчигчийн шингэн зэрэг бол ёстой гарын дор баймаар юм. Нефтийн үйлдвэр үлгэр биш байгаад хэрэвзээ ашиглалтад орвол химийн үйлдвэр байгуулагдах нөхцөл бүрдэнэ. Хэрвээ химийн үйлдвэртэй болвол бүх сав баглаа боодлын хувьд асуудалгүй болно. Бид үйлдвэрлэгч орон болох үндэс суурь бий болно. Манай үе үеийн удирдагчид болох Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд, намын дарга нар “Өөрсдөө хийгээд хэрэггүй ээ, гаднаас оруулаад ирэх нь амар” гэдэг байсан. Улс орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн хувь заяаны эсрэг зогссон ийм үг, үзэл бодлоосоо одоо салах хэрэгтэй. Гадны бараа бүтээгдэхүүн сайн, гаднаас авъя гэсэн хандлагатай дарга сайд, удирдлагуудад хатуу хариуцлага тооцдог баймаар байна. Бараг л эх орноосоо урвасан, эх орныхоо хөгжил дэвшилд саад хийсэн гэж дүгнэдэг, хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй. Гаднаас орж ирэх урсгалыг өндөр татварын боомилолтоор зогсоож чадвал хүссэн хүсээгүй дотоодын үйлдвэрлэл өндрөө аваад эхэлнэ. Аливаа нэг барааг эхлээд болхидуухан чанар муутай, үзэмж муутай хийх л байх. Гэвч зах зээлийнхээ хуулиар өдрөөс өдөрт, жилээс жилд өнгө үзэмж нь дээшлээд явчих нь мэдээж.

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1997 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа гаалийн татварыг тэглэсэн нь эдийн засгийн хувьд гаднаас хараат болох гарцыг нээж өгсөн гэхэд болно. Тэрээр энэ тухайгаа “Юмны үнэ жилдээ 50-60 хувь хүртэл өсч, гадны хөрөнгө оруулалт гэж байгаагүй үед импортын татварыг тэглэхээс өөр гарцгүй байсан” гэдэг. Харин үйлдвэрлэгчид “Татвар тэглэснээр бүх үйлдвэрийг дампууруулах хорон зорилготой алхам байсан. Дотоодын бүх үйлдвэрийг дампууруулж, үнэгүй авах гэсэн хулгайн зальжин арга” гэж үздэг. М.Энхсайханы бодлого тухайн үедээ хэрэгтэй байсан гэж үзэхэд бүтэн 25 жилийн туршид бид импортын татвараа нэмэлгүй явж ирсэн нь арай дэндсэн асуудал болсон. Монголыг удирдаж байсан нөхдүүд ямар хөлдүү толгойтой явж ирээ вэ гэж бодохоор.

Засгийн газар энэ онд Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлэх, дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Таван толгой, Багануур, Чойбалсангийн ДЦС, Амгалангийн ЦС-ыг дуусгаж, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, эдийн засгийн бие даасан байдалд шилжинэ гэх томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс гадна Засгийн газрын нэн даруй явуулах бодлого нь импортын татварыг өндөр тогтоож өгөх явдал. Үүний үр дүнд монголчууд бүгдийг гаднаас авч ам руугаа цутгуулдаг арчаагүй өрөвдөлтэй, цаашдын хувь заяанд ихээхэн хор уршигтай байдлаасаа салж, эх орондоо үйлдвэрлэгч болох ирээдүйн зам мөр нээгдэх учиртай.

Д.Батболд

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх