ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжийн хүрээнд Баянгол дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 10 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд, дүүргийн засаг захиргааны нэгжүүд, томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдана.
Бэлэн байдлын үзлэгээр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт, хэрэгжилт, Засаг даргын мөрийн хөтөлбөрт гамшгаас хамгаалах чиглэлээр тусгагдсан ажил зэргийг нарийвчлан шалгахын сацуу барилга, объектийн ойролцоох түр цугларах талбай, түр байршуулах байрыг томилгоожуулж, тэмдэгжүүлсэн байдал, тэмдэг тэмдэглэгээний хадгалалт, хамгаалалт, барилга, объектын авралтын зам гарцын схем зураглал хийгдсэн болон тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байдлыг ч нягтлах юм. Түүнчлэн цацраг, хими, тэсэрч дэлбэрэх бодисын ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг дүүргийн хэмжээнд шалгана. Нийт 18 үзүүлэлтээр шалгалт явуулж, 100 хүртэлх оноогоор үнэлж, үнэлгээ өгнө.