Түүхэн аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө" цогцолбор барьсан. Гэвч энэ бүтээн байгуулалтыг оюуны өмчийн маргаанаас болж цаашид ашиглах боломжгүй хэмээн өчигдрөөс /2021.08.25/ нурааж эхэлжээ.
Энэ өргөөнд монгол эрчүүд бие биедээ үнэнч нөхөрлөлийн андгай өргөж, хүндэтгэлтэй хандах, үл ойлголцлоо тайлах зан үйл хийхээр төлөвлөөд байсан юм. Бүтээн байгуулалтыг барьсан "Хос санаа" компани нь улсыг хохиролгүй болгож, төсвийн хоёр тэрбум төгрөгийг төлөхөөр болсон гэдгийг орон нутгийн удирдлага мэдээллээ.
Энэ талаар Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Д. Жамбаагаас тодруулахад "Андлалын өргөөг өчигдрөөс буулгаж эхэлсэн. Уг бүтээн байгуулалтыг оюуны өмчийн маргаанаас болж цаашид ашиглах боломжгүй болсон учраас нурааж байна. Цогцолборын загварыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг агсан гаргасан байдаг. Түүний шавь нар хамтарч, суурин дээр нь аялал жуулчлалын чиглэлээр уран бүтээл хийх юм шиг байна лээ. Бүтээн байгуулалтыг барьсан "Хос санаа" компани улсыг хохиролгүй болгож, төсвийн мөнгийг төлж байгаа юм билээ. Одоо нураах ажлыг тус компанийн зүгээс хариуцан хийж байгаа" гэв.