“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасантай уул уурхайн бүтээн байгуулалтад зориулах хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийг дотоодын зах зээлээс босгож буй “Эрдэнэс Тавантолгой” бонд болон уул уурхайн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн орчин зэрэг асуудлаар ярилцлаа.
-Уул уурхайн салбарын бүтээн байгуулалт маш өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шаарддагаараа онцлогтой. “Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа ам.долларын бонд гаргаж, дотоодоосоо санхүүжилт босгож байна. Цааш цаашдаа Монголын санхүүгийн зах зээлээс уул уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх эх үүсвэр татах нөөц боломж хэр харагдаж байна вэ?
-Манай улсын банкны системийн нийт актив 2021 оны 1-р улирлын байлаар 37.3 их наяд төгрөг, үүнээс 23.3 их наяд төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах данс бүрдүүлсэн тухай статистик байна. Арилжааны банкуудын хадгаламжийн хүү сүүлийн жилүүдэд тогтвортой буурч байгаа энэ үед хадгаламжийн хүүнээс өндөр өгөөжтэй бонд “Эрдэнэс Тавантолгой” ХК санал болгож байгаа нь цаг үеэ олсон явдал болж байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК улсынхаа эдийн засагт онцгой ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төслүүддээ дотоодын зах зээлээс 2 их наяд төгрөгийн санхүүжилт татахад хангалттай нөөц бололцоо бий гэж харагдаж байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын хоёр их наядын хөтөлбөр хэрэгжиж, зорилтот үр дүндээ хүрсний дараа “Эрдэнэс Тавантолгой” компани борлуулалтаараа 2025 онд БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 60 хувийг хангана гэж тооцоолж байгаа юм билээ. Хэрэв тэгж чадвал Монгол Улс дэлхийн зах зээлд илүү том тоглогч болон гарч ирнэ. Зөвхөн БНХАУ-ын хөрш буюу газарзүйн давуу талтай гэдгээрээ бус нэмүү өртөг шингээх, боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдээ байгуулах зэрэг ажлууд энэхүү бондоор босгосон хөрөнгө оруулалтаар шийдэгдэж байгаа нь илүү чухал зүйл юм.
Дотоодын хөрөнгө оруулалт татах тал дээр яг одоогийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бондоос харахад богино хугацаанд санхүүжилтээ босгохоор ажиллаж байна. Мөн уул уурхайгаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорилгоо болгож буй нь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлхэд томоохон түлхэц болох нь гэж харж байна. Энэ нь цаашлаад зорилтот зах зээлээ тэлэх, гуравдагч орнууд руу гаргах боломж хайн дэд бүтцийн гарцуудыг нэвтрүүлэх эхлэл гэж харж байна.
-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид ямар шаардлага, шалгуурыг чухалчилдаг вэ. Тэр дундаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтад ялгаа байдаг уу?
Уул уурхайн салбар нь хөрөнгө оруулалт ихээр шаарддаг салбар. Тогтвортой үйл ажиллагаа явуулсны эцэст урт хугацаандаа үр ашгаа өгдөг учраас үзүүлэлт сайтай техник тоног төхөөрөмж, эдийн засгийн үндэслэл бүхий үйл ажиллагааны болон бизнес төлөвлөгөөтэй явахгүй бол эрсдэл өндөр салбар. Манайх шиг хөгжиж буй орны хувьд томоохон уул уурхайн шинэ шинэлэг тоног төхөөрөмж, тэдгээрийг худалдан авах, нутагшуулах ажилд санхүүжилтийн гол шаардлага нь байдаг.
Гадны хөрөнгө оруулагчид тухайн улс орны хууль эрхзүйн орчин, засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа, компанийн засаглал мөн олборлолтын үеийн болон дараах байгаль орчны нөхөн сэргээлтийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгаа эсэхийг гол шалгуур үзүүлэлт хэмээн авч үздэг. Манай улсын хувьд Засгийн газрын тогтворгүй байдал, валютын ханшийн савлагаа, мөн дэлхийн зах зээл дээрхи уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хамааралтай эрсдлүүд үүсдэг учир эдийн засаг маань мөчлөг дагасан уналт эсвэл өсөлттэй байдаг. Түүнчлэн, мэргэжлийн түвшинд стандартын дагуу нөхөн сэргээлт хийж буй компаниуд манайд цөөхөн байна. Мөн гадны хөрөнгө оруулагчид тухайн уул уурхайн бүс нутгийн байгаль орчин, амьтан, ургамал, хүний амьдрах орчинд нөлөөлөх нөлөөллийн дэлгэрэнгүй судалгаа, аливаа эрсдлийн дүн шинжилгээ, эдийн засгийн тооцоолол гэх мэт маш нарийн судалгааг хийдэг нь хугацааны хувьд цаг их авдаг. Гэхдээ давуу тал нь хөрөнгө оруулалтын хэмжээ их, хүү бага, хугацаа урт нөхцөлтэй байх нь элбэг. Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалт татахад манай хууль эрхзүйн орчны тогтворгүй, ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал бас сөргөөр нөлөөлж байна. Хамгийн тод жишээ, хөрөнгө оруулагчдын гарын авлага мэт хэрэглэх ёстой байдаг Хөрөнгө оруулалтын тухай хууль. Энэ хуулийн зарим заалт бусад гол хуулиндаа ялангуяа татварын хуулинд сууж өгөөгүйгээс болоод хөрөнгө оруулагчид хуулинд заасан дэмжлэгийг авч чаддагүй. Гадагшаа exposure хийхэд гол сурталчилгаа болсон энэ хууль маань хэрэгжихгүй эсвэл ялгавартай хэрэгждэг нь үйлдвэржилт, бүтээн байгуулалтын үйл явцыг сааруулж зарим тохиолдолд аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж байна.
-Тэгвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, гадаадаас зөвхөн зээлийн эх үүсвэр татах хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ. Манай дотоодын компаниудад аль нь илүү тохиромжтой, давуу талтай вэ?
Гадны санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагаасаа харахад аливаа төслийн хөрөнгө оруулалт тухайн төслийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Энэ нь илүү гэж шууд хэлэх боломжгүй л дээ. Нэг төсөл дээр шууд хөрөнгө оруулалт мөн зээл аль аль нь байх нь түгээмэл байдаг. Үүний нэг жишээ нь манайд хэрэгжиж байгаа хамгийн том төсөл болох Оюу Толгой ХХК байна. Шууд хөрөнгө оруулалтын хувьд хөрөнгө оруулагчидтайгаа эрсдэлээ хамтарч үүрэх давуу тал бий болдог. Зээлийн санхүүжилтийн хувьд эдийн засгийн эрсдлээс үл хамаарч тогтмол хүүний зардалтай, үндсэн төлбөрийн хатуу нөхцөл дагах шаардлагатай болдог боловч нөгөө талаар шийдвэрээ зээл олгогчоос хамааралгүй гаргах, хэрэв өндөр өгөөжтэй төсөл бол ашиг хуваахгүй байх зэрэг давуу талуудтай.
-Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар бид ярих хэрэгтэй байх. Яагаад гэвэл банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ, боломжийг үндэсний компаниудад нээж өгөхийн тулд энд хөгжил, хөдөлгөөн эрчимтэй өрнөх ёстой шүү дээ?
Монголын хөрөнгийн зах зээл хөгжих маш их боломж бий. Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2021 оны 1-р улирлын байдлаар 3.7 их наяд төгрөг буюу ДНБ-ний дөнгөж 9.9%-тай тэнцэж байна. Энэ үзүүлэлт нь 2020 онд дэлхийн дундаж 113.9%, өндөр орлоготой орнуудыг оруулаагүй тооцсон Зүүн Ази, Номхон далайн орнуудын дундаж 82%-тай харьцуулахад маш доогуур байгаа нь цаашид ч өсөх орон зай хангалттай их байгааг харуулж буй юм. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэдэг хөрөнгө оруулалтын сангууд, институциниал хөрөнгө оруулагчид байхгүй олон жил явж ирсэн. 2020 онд Үндэсний Хувьчлалын сан хөрөнгө босгож үйл ажиллагаа явуулж эхэлсэн, энэ онд Мандал Ирээдүйн Өсөлт сан мөн амжилттай хөрөнгө босгож хөрөнгө оруулалт хийж эхлэхэд бэлэн болсон. Монголын арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа гаргахаар болсон, томоохон групп компаниуд ч мөн адил нээлттэй компани болох хүлээлтттэй байгаа учраас цаашид ч хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, олон хөрөнгө оруулалтын сан, институциниал хөрөнгө оруулагчид нэмэгдэж ойрын жилүүдэд зах зээлийн хэмжээ хурдтай томрохоор байна.
-Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дотоодын компаниудын хөгжлийг түргэтгэх бас нэг түлхэц гэж үзвэл болох уу?
Хэрэв өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээл хөгжчихсөн, босгож болох санхүүжилт нь хангалттай, мөн тухайн төслийн оцлогт нийцсэн нөхцлүүдтэй байдаг бол манай уул уурхайн салбар үр өгөөж өндөртэй, олон улсад өрсөлдөх чадвар илүү байх байсан болов уу. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжих боломж тэр чинээгээрээ их байсан.
Нөгөө талаар хөрөнгийн зах зээлийн хөгжил нь компаниудын засаглалыг хөгжүүлэх том хөшүүрэг болно гэж харж байна. Нээлттэй эх үүсвэр бүхий санхүүжилт татах нь компаниудаас засаглал болон хүний нөөцийн хувьд чадавхжихыг шаарддаг. Дотоодын компаниуд хөрөнгийн зах зээлд гарахын тулд нээлттэй компани болоход бэлтгэлийг хийгээд эхэлсэн нь сайшаалтай.
Тэгэхээр цаашид хөрөнгийн зах зээлд гарахын тулд компаниуд засаглалын түвшинд ил тод нээлттэй болж, гадны компаниудын жишгээр хөгжиж чадвал илүү хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох боломжтой юм.
-“Эрдэнэс Тавантолгой” бондын талаар та ямар ажиглалт хийж байна вэ. Бусад компаниудад үлдээх сайн жишиг, эсвэл сургамж нь юу байх бол?
Олон нийтээс хөрөнгө босгох, нөгөө талаараа олон нийтэд ч боломж олгож байгаа эерэг талтай. Гэвч дотоодын дийлэнхи аж ахуйн нэгжүүд бонд гаргах, нээлттэй зах зээлд хувьцаагаа амжилттай гаргах чадвар бага байсан. Босгосон ч хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн том төслүүдийн шаардагдах хэмжээнд хүрдэггүй. Харин “Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр дотооддоо хамгийн том санхүүжилтийг амжилттай босгосон анхдагч болж зам гаргаж, бусдадаа боломжийг нээж өгч байна. Цаашид уул уурхайн томоохон компаниуд хөрөнгийн зах зээлд идэвхитэй оролцох байх. Мэдээж эргээд бас “Эрдэнэс Тавантолгой”-д маш том хариуцлага ирж байна гэж харж байна.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого хэр оновчтой байна. Та бүхэнд дэмжлэг юу хэрэгтэй байна вэ?
Цар тахлаас үүдэн дэлхий нийт эдийн засгийн хувьд хүнд цохилтонд орж буй ч зарим улс орон маш оновчтой шийдлүүдийг авч хэрэгжүүлж эдийн засгаа сэргээх бодлого барьж байна. Үүнд тодорхой шалгуураар хувийн хэвшлүүдээ татварын хөнгөлөлт, уян хатан бодлого, дахин санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, аливаа зээлийг дахин бүтэцчилэх гэх мэт ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгахад анхаарсан чиглэлийг барьж ажиллаж байна. Манай улс мөн жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зориулан 10 их наядын хөтөлбөр зарлан тодорхой үр дүнтэй хэрэгжиж байгаа ч зарим салбар, үйлдвэрлэл эрхлэгч, хувийн хэвшлийнхэнд бол нөхцөл байдал хүнд хэвээр байна. Цар тахлын эдийн засгийг хэвийн эдийн засаг руу шилжүүлэх сэргээх гол алхам бол халамжийн бодлогоос илүү ажлын байрыг тогтмол хадгалж байгаа компаниудаа том жижиг гэлтгүй бүх талаас нь тогтвортой дэмжих бодлогыг зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй гэж харж байнa.
-Цар тахлын нөлөө дэлхий дахинд, тэр дундаа санхүүгийн зах зээл яаж нөлөөлж байгаа вэ. Мэргэжилтний хувьд ямар ажиглалт хийж байна вэ?
Цар тахал нь дэлхийн улс орнуудын санхүүгийн зах зээлд харилцан адилгүй нөлөөлж байна. Өнгөрсөн оны 3-р сард огцом хамгийн доод цэгтээ хүрснээс хойш тасралтгүй сэргэх хандлагатай байна. Зарим улсын санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүд цар тахлын өмнөх үеэсээ өндөр байгаа бол зарим улсууд нь цар тахлын үед өмнөх үе шигээ болж чадаагүй байна. Мэдээж үүнд эдийн засгаа сэргээх засгийн газрын авч хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, вакцинжуулалт, коронавирусын тархалт, зах зээлийн онцлог гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байгаа.
Хамгийн том санхүүгийн зах зээлтэй газар АНУ гэхэд Засгийн газраас эдийн засгаа дэмжсэн томоохон төсөл хөтөлбөр, халамжийн бодлогыг хэрэгжүүлсэн нь иргэдийнхээ санхүүгийн байдлыг эрс сайжруулсан. АНУ-н иргэд хөрөнгийн зах зээлд ихээр оролцож, хөрөнгийн зах зээлийн индексүүд цар тахлын үед бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрлээ. Хөрөнгө оруулагчид инфляциас хамгаалах санхүүгийн хэрэгсэлд ихээр хөрөнгө оруулж байна. Мөн дээр нь цар тахлын үед Amazon, Apple зэрэг технологийн компаниуд маш хурдан сэргэсэн нь нөлөөлсөн.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн энэ сэргэлтэнд мэдээж коронавирусын вакцинууд сүүлийн үед ихсээд байгаа дельта, ламбда зэрэг коронавирусын хувилбаруудад хэрхэн үйлчлэх вэ гэдэг чухал нөлөөтэй юм.
Манай улсын хувьд цар тахлаас үүдсэн хил гаалийн асуудал, түүхий эдийн үнийн өсөлт зэргээс болоод компаниудын үйл ажиллагааны зардал ихэссэн нийтлэг дүр зураг байгаа. Бизнесийн сул зогсолт ч их байлаа. Харин нөгөө талаар дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт манай нийт индексийг хэвийн түвшинд аваад гарч байна.