Ээлжит бус чуулган ЗАРЛАХГҮЙ

  • 0
  • 140
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэх таамаг хүлээлт улстөрийн хүрээнд байна. Тэгвэл энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад ээлжит бус чуулган зарлахгүй гэлээ. 

Өнгөрсөн хаврын чуулган хамгийн олон хоног хуралдсан анхны чуулган болсон. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгасан. Дөрөвдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт буюу гуравдугаар сарын 15-нд эхэлж, долдугаар сарын 8-нд завсарласан.  

УИХ-ын хаврын чуулган цахимаар хуралдсан бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд анх удаа 75-аас дээш буюу 83 өдөр чуулсан байна. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж 188 асуудал хэлэлцсэн. Байнгын хороод 110, Дэд хороо зургаа, Түр хороо 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж 247 асуудал хэлэлцсэн билээ.

Энэ удаагийн чуулганаар нийт 162 хууль, тогтоомж батлан гаргасан байна. Тодруулбал, бие даасан 16 хуулийг дагалдах хуулиудын хамт, нэмэлт, өөрчлөлтийн 84 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай долоо, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай гурав, УИХ-ын 52 тогтоол батлан гаргажээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө УИХ-ын чуулганы 24 хуралд суух ёстой байснаас 18 хуралд сууж, зургаан удаа чөлөө авсан байна.

Харин хуралдаа хамгийн идэвхтэй суусан найман гишүүн байна. Хаврын чуулган нийт 34 удаа хуралдаж, Г.Амартүвшин, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар хурлаа нэг ч таслаагүй байна.

Цар тахлаас үүдэж чуулганы хуралдаан цахимаар явагдсан тул гишүүд томилолтоор ажиллаж байхдаа ч хуралдаа оролцох боломжтой байсан гэдгийг энд сануулах нь зүйтэй болов уу. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байх үедээ буюу машинаасаа хуралд оролцож байв.

Мөн хэд хэдэн гишүүн халдвар авч, эмнэлгээс хуралд оролцож байсан удаатай.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх