Төрийн өндөрлөгүүдээс хариу ирээгүй тул эмч, ажилчид тэмцлийн дараагийн шатанд шилжжээ

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Төв талбай дээр жагсаж буй эмч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Монголын Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гурав дахь хуралдаанаар эмч ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх 21 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулагдан ажиллаж байгаа билээ. 

Энэхүү түр хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын дарга, 76 гишүүн, Сангийн сайд, ХНХ-ын сайд, Эрүүл мэндийн сайд, Байнгын хорооны даргад албан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч хариу ирээгүй тул эмч, ажилчид тэмцлийн дараагийн шатанд шилжиж буйгаа мэдээллийн эхэнд онцлов. 

"ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 3,000 ХҮНЭЭ ӨВДҮҮЛЧИХСЭН БАЙГАА Ч ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ МӨЛХӨӨД Ч БОЛТУГАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗОГСОХООС ӨӨР АРГАГҮЙ"

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Түр хорооны дарга, СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд “Долдугаар сарын 1-нээс хойш шаардлагынхаа хариуг авах гээд олон хоног, янз бүрийн арга хэрэглэн энд сууж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэн ч анхаарлаа хандуулсангүй. Тиймээс тэмцлийн дараагийн шатанд шилжиж байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш эрүүл мэндийн салбар өндөр ачаалалтай, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ч хэн ч хойш сууж, ухарч няцаагүй.

2021 оны нэгдүгээр улиралд улсын дундаж цалин 1,390,000 төгрөг хүрснийг холбогдох хүмүүс бахархалтайгаар зарласан. Гэтэл Эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин 647 мянган төгрөг юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын дундаж цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн ч улсын дундаж цалингийн хэмжээнд хүрэхгүй. 

Эмч нар 3-5 дахин их ачаалал дунд, гэртээ ч харьж чадахгүй бүх хүчээ дайчилж ажиллаад улсын дундаж цалинд хүрэхгүй цалинтай байна гэдэг нь гутамшигтай зүйл. Эдгээр үзэл бодол бол 56 мянган хүний үзэл бодлын үндсэн дээр хэлж буй зүйлс юм шүү.  

Өнөөдөр эрүүл мэндийн салбар 3,000 хүнээ өвдүүлчихсэн байгаа ч цар тахлын эсрэг мөлхөөд ч болтугай үргэлжлүүлэн зогсохоос өөр аргагүй. Олон улсад дагаж мөрдөж байгаа хууль, өөрсдийнх нь гаргасан хууль одоо хүртэл хэрэгжээгүй. Сайд, дарга нар тухайн газар очсоны дараа л асуудал шийдэгддэг байдлыг бид хүсээгүй. Ерөнхийлөгч хэлэхдээ хүн биш хууль засагладаг байя гэсэн. Бид өнөөдөр хуулийг, шударга байдлыг шаардаж байна. Цалин авах эрхээ эдэлж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна.

Олон хүн хайртай хүмүүсийнхээ амь насыг алдаж байна. Өдөрт 15 хүний амийг алдаж байна. Манай улс ямар ч дайны үед өдөрт ийм олон хүний амийг алдаж байгаагүй. Энэ байдалтайгаар эрүүл мэндийн салбарынхан удаан тэсэхгүй.

"ЭЦСИЙН ҮР ДҮН ГАРТАЛ СУУНА. БИД АРД ТҮМНЭЭ ХАРЖ БАЙГААД ҮХҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА"

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Бид 30 жил ярилаа. Одоо үнэхээр туйлдаж байна. Гурван сая хүнээ эмчилж чадахгүйд хүрчихээд байна. Өнөөдөр ч гэсэн нэг залуухан эмч ухаан алдаад сэхээнд орсон. Улс орон яагаад эмч нарынхаа үгийг сонсохгүй байгаа юм. Өнөөдрийг хүртэл нэг ч хариу ирээгүй. Сая хүрэлцэн ирсэн гишүүдэд баярлалаа.

Бид эндээс явахгүй. Эцсийн үр дүн гартал сууна. Засгийн газар нь хуулиа биелүүлэхгүй байхад бид яагаад биелүүлэх ёстой гэж. Бид ард түмнээ харж байгаад үхүүлмээргүй байна шүү дээ. Төр засаг ард түмнийг хуурахаа боль. Бид та нарыг биш, та нар биднийг гуйж ирэх ёстой. Эрүүл мэндийн салбарын ажилчдын үндсэн цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна" гэв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх