“Энхсаран" сувиллын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан есөн иргэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.
Уг хэлэлцүүлгээр хавтаст хэргийн бүрдэл хангагдсан эсэх, шүүхээр шийдвэрлэх боломжтой үгүйг хэлэлцсэн байна. Улмаар Д.Мөнхбат, О.Түмэнбаяр нарын есөн иргэнд холбогдох хэргийг прокурорт буцаасан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдолын вирус халдаах хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн иргэнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа" хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Үүнтэй холбоотойгоор “Энхсаран” сувиллын талаар мэдээлсэн иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.
-Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдолын вирус халдаах хэрэгт тантай хамт найман иргэнийг яллагдагчаар татжээ. Энэхүү хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан шүүхийн танхимд хэдэн цаг үргэлжилсэн бэ?
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд урьдчилсан хэлэлцүүлэг гурван цаг орчим үргэлжиллээ. Тус хэлэлцүүлгийн үеэр оролцогч талууд өөрийн байр сууриа илэрхийлж, нэмэлт тайлбар хийсэн.
Улмаар хэргийг шүүх рүү шилжүүлэх бус, буцаагаад прокурор руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, биднийг гэм буруутай эсэхийг нотлоход хэргийн материал хангалттай биш байсан учраас прокурор руу шилжүүлсэн хэмээн ойлгож байна.
Ерөөс хамтын хөгжил, хамтын амьдрал сайжрах ёстой болохоос, ухарч доройтож эцэстээ үгүй болоод дуусвал гунигтай л байна
Хэрэв хэрэгт шаардлагатай материал бүрэн бүрдсэн тохиолдолд анхан шатны шүүх хурал болно гэсэн үг. Ерөнхийдөө хэргийг хөөн шийдэх учиртай болохоос, угтан шийдэх учиргүй. Тиймээс ч гэм буруутай эсэхийг нотолбол зохих асуудлыг бүх талаас нь харж дүгнэх ёстой хэмээн шүүгч шийдвэр гаргасан.
Манай улсад өмнө нь дээрх зүйлчлэлээр буруутгагдаж, хэрэг нь шүүхийн шатны урьдчилсан хэлэлцүүлэг хүртлээ явж байсан тохиолдол гарч байгаагүй юм билээ. Тиймээс хэргийг бүх талаас нь харж, шийдвэрлэх ёстой хэмээн үндсэн шийдвэрээ гаргалаа.
-Тантай хамт яллагдагчаар татагдсан найман иргэнийг тодруулж болох уу. Халдвар хамгааллын дэглэм сахиулахад оролцсон хүмүүсийг ч халдвар тархах үндэс бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Яллагдагчаар татаад буй есөн иргэний дөрөв нь тухайн сувилалд тусгаарлагдан хяналтад байсан иргэн, тав нь халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж ажиллаж байсан төрийн байгууллагын ажилтнууд байгаа юм.
Халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх зүйлчлэлийн дагуу яллагдагчаар татагдсан иргэдийн нэг хэсэг нь өөрөө халдвар авсан хүмүүс байдаг. Түүнчлэн халдвар тархаах нөхцөл бүрдүүлэх боломжгүй, харин ч халдварын эсрэг ажиллаж байсан ажилтнууд нь хэрэгт холбогдчихсон.
Тэгтэл эсрэгээрээ хууль эрх зүйн мэдлэггүй, өөрийгөө хамгаалах боломжгүй, ямар ч хүчгүй талд шийтгэл оноочихдог. Ингээд эгэл жирийн иргэд нь эрүүл мэнд, мөнгө санхүү амьдралынхаа жил гаруй хугацаагаар хохироод явж байна.
Надтай хамт шүүгдэж байгаа хүмүүсийн ихэнх нь хөдөө орон нутгаас ирдэг. Бүхэл бүтэн мянга гаруй километрийг туулаад Увс аймгаас цагдаа, шүүх дээр дуудагдан ирж байна. Түүнчлэн Сэлэнгэ, Булган гэх мэт аймаг орон нутгаас ирж байгаа хүмүүс ч бий.
-Дэлхийн бусад орнуудыг харахад энгийн иргэн, эсвэл жирийн ажилчинтай хариуцлага тооцдоггүй. Харин эсрэгээрээ удирдлагуудад нь хариуцлага тооцдог. Иймээс ч дарга нар хариуцлагаа илүү ухамсарладаг хэмээн та өмнө нь ярилцлагадаа дурдаж байсан?
-Яг зөв. Альберт Камюгийн 1947 онд бичсэн "Тахал" нэртэй номонд үүнийг тодорхой өгүүлдэг.
Хүн төрөлхтөн өвчний өмнө ирэхээр үнэн нүүр төрх нь илэрдэг тухай зохиолд харуулдаг. Манай нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлыг энэ цар тахал ил гаргаад өгчихлөө. Чухамдаа жинхэнэ ардчилал тогтсон оронд эрх бүхий албан тушаал гэдэг чинь том хариуцлага, том ачаа байдаг юм. Тиймээс ч даргын суудалд суухаас эмээдэг, сүрддэг. Тэгтэл манай улсад эсрэгээрээ удирдах албан тушаалтан хариуцлагыг бусад руу чихдэг юм байна.
...алдаатай бодлогыг нь дуугүй хараад суух нь надад өлзийтэй ч, бидний ирээдүйг нь харанхуйлах аюултай
Хэрэв эрх чөлөө, тэгш эрх байсан бол хариуцлага хүлээхээс айж даргын суудалд сандайлах гэж улайран дайрахгүй л байхгүй юу. Тэр болгоныг мэддэггүй, мэдэрдэггүй данхайсан том толгойтой төртэй, тээр доор иргэдийнх нь хөл чичирсэн дүр зураг л харагдаж байна. Ийм буруу системийн алдаа нь эргээд эгэл ардын толгой дээр буугаад байгаа юм. Ковидын үеэр нэг залуу ганцаараа гонгиноод гүйгээд байгаа юм биш, энэ бол ирээдүйд хэнд ч тулгарч болох асуудал болчихжээ. Тэгэхээр алдаа хаана байгааг мэдчихлээ, одоо үүнийг засах л хэрэгтэй.
-Цагдаа, шүүхэд дуудагдах хугацаа тань багассан уу, нөхцөл байдал ямар байна вэ?
-Ерөнхийдөө цагдаа шүүхээр явах ажил арай хөнгөрч байна. Гэхдээ хэргийн материалтай танилцахаар дахин очих байх. Эх орондоо ирээд жил гаруй хугацаанд хүнд нөхцөл байдлыг биеэр үзэж тууллаа.
Гэхдээ яахав хүн л юм хойно болгож бүтээхийн төлөө явсаар л байна. Зөрчлийн хэргийн шийдвэр гарснаар хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм билээ. Шүүгчийн туслахаас уржигдар миний хэрэг дээр давж заалдах гомдол гаргасан хүн байгаа юу гэж асуухад хариулаагүй л дээ. Тэгэхээр одоогийн байдлаар анхан шатны шүүх болон давж заалдах шүүх хурлыг хүлээж байна. Гэхдээ яг тов нь тодорхойгүй байна.
-Манай нийгэмд асуудлыг мэдсэн ч дуугарахаас айдаг. Магадгүй та үнэнийг хэлснийхээ төлөө 500 мянгаар торгууллаа. Та үг хэлэхгүй дуугүй өнгөрч болох байсан шүү дээ ?
-Хүнийг хүлцэнгүй дуугүй болтол нь бодлогоор хангачхаад байна л даа. Чи дуугарвал тэтгэмжээ алдана, чи дуугарвал шийтгүүлнэ гэсэн бодит жишээг над дээр үзүүлэхийг оролдлоо. Гэхдээ үүний эсрэг зоригтой зогсох хэрэгтэй. Хамгийн гол нь аливааг үнэн зөвөөр үндэслэлтэй ярих хэрэгтэй.
Түүнээс биш худлаа үнэн яриад явах нь ёс зүйт алхам биш. Тэгэхээр эрх тэгш эрхээ эдэлж, үндэслэлтэй дуугарах нь чухал.
-Дуугүй байвал надад өлзийтэй гэсэн хандлага их ажиглагдах юм. Ийм хүлцэнгүй хандлага асуудлын шийдэл биш болов уу?
-Ийм хандлага бий. Түүнийгээ ухаантай үйлдэл гэж эндүү ойлгодог.
Магадгүй алдаатай бодлогыг нь дуугүй хараад суух нь надад өлзийтэй ч, бидний ирээдүйг нь харанхуйлах аюултай. Эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийн буруу нь бидэн дээр л буудаг. Тэгтэл энийг угаасаа л байх ёстой зүйл мэтээр хүлээж аваад, дасан зохицоод амьдарч болохгүй шүү дээ.
Аливаа асуудалд үндэслэлтэй хандах нь хуулиар нээлттэй, ингэснээр бидний амьдрал, амьдрах орчин нөхцөл ч сайжирна. Ерөөс хамтын хөгжил, хамтын амьдрал сайжрах ёстой болохоос, ухарч доройтож эцэстээ үгүй болоод дуусвал гунигтай л байна. Бид чинь цөөхүүлээ шүү дээ.