Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энэрэл эмнэлгийн гадаа долдугаар сарын 3-ны өдөр иргэн Р эмнэлгийн тусламж авч чадалгүй, эмнэлгийн хаалга руу харж, хашаа налж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудлаар талийгаачийн ар гэрийнхэн манай редакцад хандсаны дагуу тухайн өдөр бид Энэрэл эмнэлгийн гаднаас шууд дамжуулалтыг хүргэж байсан. Энэ үйл явдал олны анхааралд хүрч, олон нийтээс шүүмжлэл дагуулсны дагуу өчигдөр буюу долдугаар сарын 4-ний өдөр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж олон нийтэд хандаж хэвлэлийн хурал зарласан. Энэ хуралд маш ноцтой, нас барсан хүнийг гүтгэсэн байж болзошгүй мэдээллүүдийг хийсэн юм.
Тодруулбал, Талийгаач Р орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт ажиллангаа амьдардаг мөн сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэдэг мэдээллийг хийсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм. Өөрөөр хэлбэл үхсэн хүн үг хэлдэггүй гэгчээр талийгаачийн ясыг өндөлзүүлж, түүнийг архичин мөн тааруу орчин нөхцөлд амьдардаг байснаас нас барсан гэж ойлгогдохуйц харамсалтай мэдээллийг хийсэн. Тэгвэл уг асуудлаар талийгаачийн ар гэрийнхэн манай редакцтай холбогдож өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Талийгаачийн ах Д.Ганжууржав хэлэхдээ "Үхсэн хүн үг хэлдэггүй гэж дүүгийн минь ясыг өндөлзүүлж нэр хүндийг нь унагаж, аймшигтайгаар гүтгэлээ. Бид дүүгээ архичин байгаагүй гэдгийг нотлоно. Үүний тулд дүүгийнхээ цогцсыг задлан шинжилгээнд оруулж, сүүлийн 10 хоног архи согтууруулах ундаа уусан эсэхийг нь шинжилгээгээр тогтоолгох хүсэлтэй байна. Миний дүү бусад хүмүүсийн л адил архи уух үедээ уудаг ийм хүн байсан болохоос биш байнга архи уудаг архичин хүн байгаагүй. Гэтэл Б.Бямбадорж гэх дарга яагаад дүүг минь сүүлийн 10 хоног архи уусан гэж нэр төрд нь халдаж байгаа юм бэ? Энэ хүн сүүлийн 10 хоногийн турш миний дүүтэй архидсан юм уу? Тийм болохоор л ийм итгэлтэй хоног зааж тасралтгүй архидсан гэж хэлж байгаа юм уу? Би дүүтэйгээ нас барахаас нь зургаа хоногийн өмнө утсаар ярьсан. Тэр үед дүү минь эрүүл саруул ажиллаа хийгээд явж байна гэж ярьж байсан. Миний дүүтэй хамт ажилладаг залуу сүүлийн 10 хоногт архи дарс уусан ямар ч тохиолдол байхгүй гэдгийг хэлж байгаа. Мөн бид дүүгээ өнгөрснөөс хойш гэрт нь очиж нөхцөл байдлыг нь харсан. Ингэхэд арбидол эм, витамин C, D зэрэг эмүүдийг уутанд хийж орныхоо толгойноос өлгөсөн байдалтай байсан болохоос миний дүүгийн гэрээс нэг ч архины шил, архи согтууруулах ундаа уусан байж болзошгүй зүйл олдоогүй. Иймээс хэдий дүү минь нас барсан ч нэр төрийг нь сэргээлгэж авна. Б.Бямбадорж гэдэг хүнээр нэр төрийг нь сэргээлгэнэ. Энэ хүн миний дүүг 10 хоног архи уусан, архичин гэдгийг нотлох ёстой. Нотолж чадахгүй бол миний дүүгээс болон манай гэр бүлээс уучлалт гуйхыг шаардаж байна" гэсэн юм.
Харамсалтайгаар амиа алдсан уг иргэний асуудалд эмнэлэгийн удирдлагууд, ажилтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авч Түргэн тусламжийн 103 төвийн дарга Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Энэрэл эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг ажиллаас нь чөлөөлсөн гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ хэн нэгэн хүнийг ажиллаас нь чөлөөлснөөр энэ асуудал шийдэгдэхгүй. Харин яаралтай тусламж хүсч ирсэн хүн бүрт аль ч эмнэлэг ямар нэг бичиг баримт, харьяалал шаардахгүй үйлчилдэг болохоор журамдаа өөрчлөлт оруулж тогтолцоонд өөрчлөлт хийснээр уг асуудал шийдэгдэх ёстой юм.