УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Засгийн газар цар тахлын хуулийн дагуу 4.8 их наяд төгрөгийн зардал гаргасан. Маш том эрх мэдлийг өөртөө авсан. Мөн түүнчлэн 3.7 их наяд төгрөгийн хэтрэлтийг төсөвт баталлаа. Нийт 8.5 их наяд төгрөгийг КОВИД-19-ийн эсрэг зарцуулсан боловч үр дүнгээ өгсөнгүй.
Цар тахлаар олон хүн нас барж байгаад гүн эмгэнэл илэрхийлж байна. 100 мянган гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг 9 дүүрэг буюу нийт 30 нэгжээс гишүүдийн гарын үсэг цуглуулах аяныг өрнүүлж байгаа. Дөрвөн газраас 21 мянган хүний гарын үсэг цуглаад байна.
Цугласан гарын үсгийн хүрээнд дараах шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлж байна. АН-ын их хурлыг энэ оны наймдугаар сарын дотор зохион байгуулах шийдвэрийг долдугаар сарын 7-ны дотор гаргаж, АН-ын даргаас долдугаар сарын 9-ний дотор огцрохыг шаардаж байна. Цаашид бид шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэлээ.
С.Эрдэнэ ажлаа өгөх нь улстөрчийн хувьд хариуцлагатай явдал болно
Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин "Эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан иргэний өмнөөс уучлал гуйх биш харин ч түүнийг доромжилж байна. Ийм нийгэм байж болохгүй. Цар тахал гэнэт гарч ирээгүй. Гэтэл манай Засгийн газар бэлтгэлтэй байж чадсангүй.
С.Эрдэнэ дарга хоёр сонгуулийн дараах ялагдал, гишүүдийн болохгүй байна гэсэн хүсэлтийг үндэслэж, Их хурлаа зарлаж, ажлаа өгөх нь улстөрчийн хувьд хариуцлагатай явдал болно" гэв.