Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцтай танилцлаа. Энэ үеэр цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.
Сэтгүүлчийн: Өчигдөр зарим компаниуд түлшний үнээ 300 төгрөгөөр нэмлээ. Хэдийгээр дэлхийн зах зээлийн зарчмаараа үнэ нэмэгдэж байгаа ч цар тахлын үе шүү дээ гэдгээрээ иргэдийн бухимдал маш их байна... хэмээх асуултад
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Үүн дээр шатахуун оруулж ирж байгаа компанийн удирдлагуудад талархах ёстой гэж бодож байгаа. Яагаад вэ? гэхээр энэ өнөөдрийг хүртэл зохицуулагдсаар ирсэн зүйл. 1000, 500 төгрөгөөр нэмэгдэх ийм зүйлүүд дээр Засгийн газар зохицуулалт хийсээр ирсэн. Бидний газрын тосны компаниудтай хийсэн тогтвортой байдлын гэрээ 12 сарын 31-нээр дууссан. Тэрнээс хойш энэ асуудлуудыг зохицуулж бага багаар нэмэх, аль болох цар тахалтай холбоотой асуудал дээр хэрвээ нэмэх юм бол тусгай зөвшөөрөлтэй нь ярина гэдэг байдлаар ярьсан. Бидний хувьд вакцины бүтэн тун нийт иргэдийн 60 хувьд хүрэх хугацаа хүртэл үнээ бариач ээ гэсэн. Яагаад вэ? гэхээр ДЭМБ-ын эхний зөвлөгөө нь хүн амын 60 хувь вакцинд хамрагдвал нөхцөл байдал сайжирна гэдэг зүйл байсан. Бидний хувьд үүн дээр маш их итгэлтэй байсан. Эрүүл мэндийн салбар тэр байтугай ДЭМБ ч гэсэн туйлын итгэлтэй байсан. Ингээд иргэдийн 60 хувийн бүтэн тунд хамрагдах хүртэл нефтийн компаниуд үнээ барьсан. Засгийн газрын тавьсан саналд хүндэтгэлтэй хандсан. Маш их хэмжээний алдагдал хүлээсэн. Бодитой энэ зүйлүүдийг бид ярилцаад л явахаас өөр аргагүй. Бид өөрсдөө нефть үйлдвэрлэдэг улс биш. Дэлхий дээр баррель нефтийн үнэ огцом өсч байгаа. Бид өөрсдөө арматур үйлдвэрлэдэг улс биш. Арматурын үнэ бас огцом өсч байна. Цаашлаад дэлхий дээр инфляцийн асуудал үүсэх нь байна. Ер нь манай Монгол улсын хувьд гаднаас хэт хамааралтай эдийн засагтай улс. Үүнийг л бид нар даван туулахын тулд өнөөдөр бухимдалтай байгаа ч маргаашийн шийдэл юм хэмээн нефтийн үйлдвэр барьж байна. Нефтийн үйлдвэр баригдлаа гэхэд мэдээж үнийн асуудал, зээлийн асуудлууд шингэнэ. Гэхдээ үүнийг Засгийн газар өөрөө зохицуулах боломжтой болно. Шаардлагатай үед дулаан цахилгаан дээр хөнгөлөлт үзүүлж болоод байна шүү дээ. Үүнтэй адил нефтийн үнийг цар тахалтай ч юмуу эдийн засгийн хүнд үед Засгийн газраас алдагдалтай ч зохицуулж болох ийм боломж үүснэ гэдэг агуулгаар энэ нефтийн үйлдвэр баригдаж байгаа. Бидний хувьд өнөөдөр амаргүй байгаа ч өнөөдөр байгаа л бодитой нөхцөл байдал ийм байна" гэлээ.