Н.Наранбатыг Элчин сайдаар томилуулахаас татгалзжээ

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас 24 улсад суух Элчин сайдын томилгоог зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Засгийн газраас анх 25 улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлээд байлаа. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д өргөн барихдаа нэг нэр дэвшигчийг нь хасаж 24 хүний нэрийг парламентад орууллаа. Тодруулбал, Монгол Улсаас Кувейт улсад суух Элчин сайдад нэр дэвшээд байсан Нямаагийн Наранбатыг Ерөнхийлөгч дэмжсэнгүй.

Яагаад 25 бус 24 хүний нэрийг оруулж ирсэн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тодруулахад, тэрбээр, "Энд 25 хүн байна уу, 24 хүн байна уу. Энэ дотор хар тамхинд орооцолдож байсан хүмүүс байна гэж байна. Энэ нь ямар хүмүүс байна вэ" гэсэн юм. Түүний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Хар тамхитай холбоотой гэж яригдаж байсан зарим нэг хүнийг өргөн мэдүүлээгүй" гэж хариулсан юм. 

Харин нэр дэвшигч Н.Наранбат өчигдөр "Миний талаар хэд хэдэн ташаа мэдээлэл Монголын хэвлэл мэдээллээр гарсан. Ийм учраас миний бие Чех улсад суух Элчин сайдын ажлаа хугацаанаас нь өмнө өгч, эх орондоо ирж, хууль хяналтын байгууллагад хандаж, үнэн мөнийг нь олъё гэж зорьсон. Албан ёсоор хариу ирсний дараа тайлбар өгье гэж бодож явсаар өдий хүрчихлээ. Польшийн шүүхийн байгууллагаас тодорхойлолт ирсэн учир одоо тайлбар өгөхөд татгалзах зүйлгүй. Манайхны цагдаагийн тодорхойлолт гэдэг шиг Польшийн шүүхийн байгууллагаас лавлагаа авсан. Польшийн хууль, хяналтын байгууллагаар намайг холбогдуулан шалгаж байгаа зүйл огт байхгүйг нотлох бичиг нь ирсэн. Гэтэл манай хэвлэлүүд янжуур тамхины хэрэгт холбогдуулж бичиж нэг үзээд, хариу тайлбар өгөхгүй, үгүйсгэхгүй болохоор нь жаахан зориг оров уу, хар тамхины хэрэгт холбогдуулан бичиж эхэлсэн. Хар тамхины хэрэг бол маш ноцтой гэдгийг та бид мэднэ. Ийм асуудалд холбогдсон хүн улс төлөөлөх нь бүү хэл өөр газар сууж байх ёстой шүү дээ" хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх