Хүн төрөлхтөнийг Ковидийн халдвараас хамгаалах гол найдвар бол вакцин. Саяхан даа, Израйль улс иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан тул хилээ ч нээж амны хаалтаа ч зүүхээс татгалзсан. Гэвч тус улсад дотоод орчин дахь халдвар тархаж эхэлсэн тул амны хаалт зүүхийг сануулж эхэлжээ. Тиймээс бид дархлаажуултад хамрагдсан ч гэлээ амны хаалтанд найдах хэрэгтэй бололтой. Ингэхэд, бид хэдийг хүртэл маск зүүх ёстой вэ. Мэргэжилтнүүд, вируслогичид энэ талаар ямар байр суурьтай байгааг нэгтгэн хүргэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн сард амны хаалттай холбоотой зөвлөмжөө өөрчилж, "COVID-19"-ийн халдвар авах эрсдэлтэй газруудад амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг Засгийн газруудад зөвлөжээ Вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэд амны хаалтаа хэзээ авч болохыг асуухад, АНУ-ын халдварт өвчин судлал, сэргийллийн төвийн захирал Рошель Уаленски “Вакциныхаа хоёр дахь тунг хийлгэсэнд баяр хүргэе! Гэхдээ та гэрээсээ гадуур гарахдаа, ялангуяа нийтийн тээвэрт ам, хамраа бүрэн халхалсан амны хаалт тогтмол зүүх шаардлагатай. Энэ байдал нийт ард иргэдийн ихэнх хувь дархлаатай болтол үргэлжилнэ. Гэхдээ чухам хэзээ амны хаалтнаас салж болохыг бид одоохондоо нарийн хэлж мэдэхгүй байна” хэмээн хариулжээ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар одоогийн Ковид19-ийн дараачийн давлагаа удахгүй гарах бөгөөд энэ өсөлт улирлын шинж чанартай. Оргил үе арваннэг, арванхоёрдугаар сараас эхлэн хоёр сар хүртэл үргэлжилнэ гэж KP.ru мэдээлжээ. Энэ бүр хугацаанд маск сайн зүүхийг сануулж байна. Учир нь ганцхан ханиаж, найтааж байгаа хүнээс гадна вирусийн мутацицлагдсан хувилбарийн улмаас шинж тэмдэггүй тээгч нараас халдвар авах эрсдэлтэй гэж үзжээ. Тиймээс дэлхий нийтээрээ ирэх он хүртэл амны хаалтнаасаа бүрэн салахгүй нь бололтой.
2020 оны зунаас тогтворжино
Калифорни мужийн Сан Францискогийн их сургуулийн халдварт өвчин судлаач профессор Жорж Ратерфорд “Гэхдээ гадаад орчинд байлаа гээд халдвар тарах эрсдэл огт үгүй гэсэн үг биш. Тиймээс аливаа улсын нийт хүн амын 70 болон түүнээс дээш хувь нь бүрэн дархлаатай болохоос нааш олон нийтийн газруудад амны хаалт зүүсэн хэвээр байх нь зүйтэй” хэмээн ярьжээ.
Ийнхүү олон улсын мэргэжилтнүүд аливаа улсын нийт хүн амын 60-70 хувь болон түүнээс дээш хэсэг нь бүрэн дархлаажсан үед сүргийн дархлаа тогтсон хэмээн үзнэ хэмээн тодорхойлоод буй. Тэгвэл сүргийн дархлаа нь манай улсад тогтох хараахан болоогүй байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа юм. Түүнээс гадна Ковид19-ийн мутацлагдсан хувилбарууд бусад улс орнуудад илэрч түүнд өмнө өвдсөн хүн хүртэл өртөх эрсдэл үүсээд байгаа юм.
Анагаах ухааны доктор, тархвар судлаач Михаил Фаворов хэлэхдээ “Хэдэн сая хүн өвдөж байгаа цар тахал бол онцгой тохиолдол. Тиймээс маск зүүх нь зайлшгүй шаардлага. Бид ямар ч байсан 2021 он дуустал маск зүүх ёстой” гэсэн байна. Эмч нарын үзэж байгаагаар дэлхийн хүн амын 70 хувь нь өвдсөний дараа энэ халдвар бидний хувьд энгийн томуутай адил болно. 2022 оны зунаас байдал тогтворжино гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Цаашид дэлхий нийтээр Ковид19, түүний шинэ хувилбаруудын тархалттай хэрхэн үр дүнтэй тэмцэхээс 2022 оны хэддүгээр сар хүртэл үргэлжлэх нь шийдэгдэх юм.
Амны хаалттайгаа хэрхэн зохицож амьдрах вэ
Ковидын халдварын үед бас нэгэн шинэ нэршил бий болсон нь “Maskne”. Маск гэсэн үгийг акне буюу батгатай нийлүүлсэн энэ үг нь маскнаас үүдсэн харшлыг илэрхийлэх болсон. Маскны цаана халуун амьсгалын нөлөөн доор нэмэгдэж дулааны нэг хэм тутамд арьсны тослогжилт 10 хувиар ихсэж байдгийг тогтоожээ. Халуун болон чийгийн улмаас арьс цочрох, арьсны сүв бөглөрөх, арьсны PH өөрчлөгдөж нян үржих илүү таатай нөхцөлүүд бүрэлдэж батга гаралт ихсэж байгааг олон орны арьсны эмч нар тэмдэглэж байна. “2019 онтой харьцуулахад энэ жил манай эмнэлэгт дээрх шалтгаанаар батга хандсан өвчтөний тоо хоёр дахин ихэссэн байна” хэмээн “Сорбус “ эмнэлгийн эмч хэллээ.
Тус эмнэлгийн эмчийн зөвлөснөөр үүнээс сэргийлэхийн тулд чийгийг гадагшлуулдаг зөөлөн давуун маск зүүх, эрсдэлгүй газар маскаа авах хэрэгтэй ажээ. Ялангуяа гэртээ ирсэн даруйдаа заавал нүүрээ угааж цэвэрлэхийг захиж байна. Амны хаалт зүүсэн үедээ аль болох крем, өтгөн тосон чийгшүүлэгч хэрэглэхгүй байх, оронд нь гелэн болон усан суурьтай чийгшүүлэгч болон нарны тос түрхэхийг мэргэжлийн эмч зөвлөж байгаа юм. Харин эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч хийнэ.
Эцэст нь, Монгол Улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан тойм судалгаанд өгүүлснээр АНУ-ын Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт коронавируст халдвараас сэргийлэх эсэхийг судалжээ. Судалгааны дүнгээр нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт нь даавуун болон мэс заслын амны хаалттай харьцуулахад хамгаалах чадвар муу болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид даавуун болон мэс заслын амны хаалтыг илүүтэйгээр хэрэглэхийг зөвлөжээ.