Мягмар гарагт (2021.06.29) “Moderna” компани “mRNA-1273” вакцин нь коронавирусийн Дельта хувилбарыг саармагжуулах эсрэг бие үүсгэж байгааг мэдэгджээ. Тус компани “mRNA-1273” вакцины хоёрдугаар тунг тариулсан найман хүнээс цусны ийлдэс авч судалсан байна. Судалгаанд ашигласан коронавирусийн хувилбаруудад тус вакцин эсрэг бие үүсгэсэн аж. Гэхдээ Уханьд анх бүртгэгдсэн хувилбартай харьцуулахад эсрэг биеийн тоо багасжээ.
Судалгааны тоо баримтаас харахад “mRNA-1273” вакцин Бета хувилбартай харьцуулахад Энэтхэгт анх бүртгэгдсэн Дельта хувилбарын эсрэг хамаагүй сайн үйлчилсэн байна. “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель хэлэхдээ “Энэхүү шинэ тоо баримт Moderna компанийн бүтээсэн КОВИД-19-ийн эсрэг вакцин шинээр гарч ирсэн төрлүүдийн эсрэг үйлчилнэ гэх найдварыг улам бататгаж байна” гэсэн юм.
Энэхүү мэдэгдэл гарсны дараа “Moderna” компанийн хувьцааны ханш 5.5 хувиар өсөж 235.39 ам.доллар хүрсэн байна. Тус компанийн бүтээсэн вакцин 94.1 хувийн үр дүн үзүүлсэн билээ.