Т.Батцэцэг: Нарийн ногооны үнэ дунджаар 1 кг тутамд 22.2%-аар өссөн

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

ШӨХТГ-аас импортын хүнсний тээврийн зардал өссөн асуудалд хийсэн хяналт шалгалтын дүнгээ танилцууллаа. 

БНХАУ Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх хязгаарлалт хийж эхэлснээс хойш нарийн ногооны хомсдол үүссэн. Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг  хааж,  дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл  хүлээн авч байгаа нь улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн байна.

ШӨХТГ-ын Өрсөлдөөн зохицуулалт, зах зээл судалгааны газрын дарга Т.Батцэцэг "Ачаа тээврийн үнийн хөөрөгдөлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүссэн бөгөөд нарийн ногооны үнэ дунджаар 1 кг тутамд 22.2 хувиар өссөн.

КОВИД-19-ийн халдвар гарахаас өмнө Эрээнээс-Улаанбаатар хүртэл тээвэр хийдэг жолооч сард дунджаар дөрвөн удаа тээвэр хийж, ногоог 2.2-2.8 сая, мах болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг 3-3.2 сая төгрөгөөр тээвэрлэдэг байсан. Гэтэл хязгаарлалтын арга хэмжээнээс болоод тээврийн хөлс 20-30 сая төгрөг болж өссөн. 

Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20,000,000-30,000,0000 төгрөгөөр тээвэрлэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдийн үйлдэлд холбогдуулан тавдугаар сарын 7-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7  дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тээвэр гүйцэтгэсэн есөн иргэн, нэг аж ахуй эрхлэгчдэд нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн нь баримтаар тогтоогдсон тул  зургаадугаар сарын 29-ний өдөр тэдгээр иргэн, ААН-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу нийт хууль бус орлого болох 243 сая төгрөгийг хурааж, 3 сая төгрөгийн торгуулийг оногдуулах шийдвэрийг гаргасан" гэлээ. 

Цаашдаа импортын хүнсийг Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэх, тээвэр хийж байгаа машины тоог нэмэгдүүлэх санал гаргаж байгаагаа УОК-ын даргад хүргүүлжээ. 

"Барааг галт тэргээр тээвэрлэх явцад 3-4 удаа сэлгэн ачиж байгаагаас үүдээд эвдрэл их гарч байна"

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Тээврийн хязгаарлалтаас үүдэн үнэ хөөрөгдөх үндэслэл байхгүй. Тухайн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа жолооч нар ААН-тэй тохирч оччихоод, өөр өндөр үнэтэй ачааг тээвэрлэсэн маш олон тохиолдол бий.

БНХАУ-ын талаас боомт орчмын бүсэд халдвар гарвал тээврийн хязгаарлалт хийнэ гэдгээ тогтмол хэлж байсан. Ингээд халдварын тохиолдол гарахад хязгаарлалтуудаа хийж байна.

Авто тээвэр хязгаарлалтад орох үед төмөр замын тээврийг ашиглах болсон. Барааг галт тэргээр тээвэрлэх явцад 3-4 удаа сэлгэн ачиж байгаагаас үүдээд бараа, бүтээгдэхүүний эвдрэл их гарч байгааг иргэд хэлж байгаа. Ийм асуудал, гомдол манайд ирээд шалгагдаж байна" гэдгийг хэллээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх