Монгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгдсэн байдаг. Ойн хөнөөлт шавжийн хохирлыг утаагүй түймэр ч гэж нэрлэдэг.
Энэ оны зургаадугаар сарын 7-12-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд навч, шилмүүсний хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох тоймчилсон судалгааг Ойн судалгаа, хөгжлийн төвөөс хийсэн байна.
Судалгаанд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сан бүхий Түргэн, Жаргалант, Нүхт, Арцат, Хүүш, Богино, Зайсан, Залаат, Хүрхэрээ, Харгана, Хүрэлтогоот, Бумбат, Төр хурах, Шажин хурах зэрэг газрыг хамруулжээ.
Ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг бөгөөд Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулах сөрөг нөлөөлөл ихтэй учир байгальд сөрөг нөлөөлөл багатай аргаар хөнөөлийн голомтыг хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.