Нууцын зэрэглэл дэх өршөөлийн хуулиар 700 орчим ялтныг суллана

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Эрх баригч нам 100 жилийн ойдоо зориулж, Өршөөлийн хууль батална гэж битүү яригдсаар ирсэн. Тэгвэл хаврын чуулганы сүүлийн долоо хоногт Өршөөлийн хуулийг батлахаар өнөөдөр /2021.06.29/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төслийн агуулгыг хэлэлцлээ. Ингэхдээ хуулийн төслийг нууцын зэрэглэлд оруулж, сайд нарт гарын үсэг зуруулан тарааж өгөөд, буцаан авах хэлбэрээр хэлэлцүүлсэн байна.

САЙН БА МУУ ТАЛТАЙ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ

Монголын төр 4-6 жилийн үечлэлтэйгээр нэг удаа үйлчлэх хэрэгжилт бүхий Өршөөлийн хууль баталж ирсэн. Энэ хүрээнд 1991-2015 оны хооронд зургаан удаа Өршөөлийн хууль баталж, ялтнууддаа өршөөл үзүүлсэн байпаг. Өршөөлийн хууль батлах нь нэг талаас ялтнуудын тоог бууруулах, хүний эрхийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлдэг.

Гэвч нөгөө талд улстөрийн хэргээр ял авсан цагаан захтнуудыг өршөөх лобби хуулийн төсөлд шингэсээр ирсэн түүхтэй. Тухайлбал, 2015 оны Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байсан 160 гаруй ялтныг хамруулж, тухайн үеийн Ерөнхийлөгч уг хуульд хориг тавьж байсан удаатай.

Мөнхүү гэмт хэрэг хийгээд л өршөөгдөөд байдаг гэх буруу жишиг нийгэмд тогтоож өгдөг гэх үүднээс шүүмжлэлтэй хандах нь бий.

АВЛИГА, АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРГИЙГ ӨРШӨӨХГҮЙ

Монгол Улс энэ цаг үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдээ хамгийн олноор хорьж буй цаг үе тохиож буй билээ. Эдгээрээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Гантулга, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, 60 тэрбумын хэргээр ял авсан Ц.Сандуй нарын хүмүүс суллагдаад байгаа юм.

Эдүгээ Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хүмүүс хоригдож буй. ТЕГ-ын дарга Б.хурцын хувьд өршөөлд хамрагдах боломжтой байсан ч Ерөнхийлөгч түрүүлж уучлал үзүүлсэн гэгдэж байгаа юм. Тэгэхээр энэ удаагийн Өршөөлийн хууль цөөн тооны цагаан захтнуудаа суллана гэсэн хүлээлт байв.

Гэвч авлига, албан тушаалтны хэргийг өршөөхгүй байх хувилбар дээр тогтжээ. Мөн мөрдөн байцаалтын шатанд яваа зарим хэргийг өршөөх санал орж ирсэн ч шүүхээр тогтоогдоогүй гэх шалтгаанаар Засгийн газраас дэмжээгүй байна.

700 ОРЧИМ ЯЛТАН СУЛЛАГДАНА

Ерөнхий агуулгаараа эмэгтэйчүүд, хүүхдийн колони, хөнгөн төрлийн гэмт хэрэгтнүүдийг өршөөх чиг барьсныг эх сурвалжийн мэдээллүүд баталж байна. Ингэснээр нийт 700 орчим ялтан суллагдахаар байгаа аж. Өмнөх Өршөөлийн хуулиудаар нийт ялтнуудын 40 орчим хувь суллагддаг байсан.

Тэгвэл энэ удаа нийт 4000 орчим хоригдлын 17 хувийг суллах чигтэй байгаа аж. Улмаар санаатай хүн амь насанд хүрсэн, залилангийн хэргээр ял авсан эмэгтэй ялтнуудын ялын хугацааг багасгах агуулга орж байгаа аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх