Олимп бол дэлхий дээрх хамгийн том спортын арга хэмжээ. Энэ арга хэмжээ нь тамирчдын хувьд замналынх нь хамгийн оргил тэмцээн байдаг бол тэдгээр тамирчдын амжилт, алдар цуу улс орнуудын хувьд хөгжил дэвшил, хүчирхэг байдлыг илтгэх онцгой чухал үйл явдал. Ийм учраас Богд банк Монгол Улсыг дэлхийн түүхийн хуудсанд тодоор бичигдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол Улсаа дэмжин ажиллахаа илэрхийлээд байгаа юм.
Энэхүү томоохон түншлэлийн гэрээг байгуулснаар Монголын баг тамирчид ирэх зуны олимп болон цаашид зохиогдох олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргахад нэгэн том хөшүүрэг болж байгаа тухай МҮОХ-ноос мэдэгдэж байгаа юм.
Түүнчлэн олимп нь дан ганц баг тамирчдын оролцож буй тэмцээн биш. Өөрөөр хэлбэл улс үндэстэн тэр даяараа баг тамирчдаа сэтгэл зүрхээрээ дэмжин төрийн далбаагаа хамтдаа мандуулан дуулдаг дэлхийн ард түмний тэмцээн. Харин Богд банк нь энэ том үйл ажиллагаанд хамтран оролцсоноороо нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын ард түмэндээ том дэмжлэг үзүүлж байгаагийн нэг хэлбэр болж байна.
Гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон “Богд” банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Ч.Банчин нар гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээг байгуулснаар “Богд” банк “Токио-2020”-оос “Парис-2024” олимпын мөчлөгт МҮОХ-ны “Мөнгөн түнш”-ээр хамтран ажиллах юм. Тухайлбал, “Шантоу-2023” Азийн залуучуудын наадам, “Бээжин-2022” өвлийн олимп, “Ханжоу-2022” Азийн зуны наадам, “Бангкок-Чонбури-2022” Азийн танхимын болон тулааны спортын наадам, “Санъяа-2023” Азийн элсний наадам болон “Парис-2024” зуны олимпын наадамд баг тамирчдаа бэлтгэн оролцуулахад туслалцаа үзүүлэх юм.
Хамтын ажиллагааны хүрээнд “Богд” банк нь МҮОХ-ны логог албан ёсоор ашиглах эрхтэй болж байна. “Богд” банк нь 2014 онд салбарынхаа хамгийн отгон банк болж байгуулагдсан ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, банкны салбарт байр сууриа хэдийнээ эзлээд байна. Тус банк энэ онд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, олон нийтийн банк болох шийдвэр гаргаад байгаа юм.