Үндэсний их баяр наадмыг цар тахлын улмаас үзэгчгүй зохион байгуулах болсноо Засгийн газар зарлаад байгаа.
Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож буй өнөө жилийн наадмын арга хэмжээнд арав гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан билээ. Өмнөх оныхоос долоон тэрбум төгрөгөөр давсан энэ хөрөнгийг урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулахад зориулах аж. Тухайлбал,
- Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая,
- түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая,
- бүх ард түмний урлагийн наадамд 500 сая,
- утга зохиолын шилдэг бүрээл туурвихад 100 сая,
- “Зуун жил- Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая,
- тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг,
- “Хаадын хаан” жүжигт 200 сая төгрөг,
- “Эрхэт Монгол” концерт 80 сая,
- Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая гэхчлэн 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд хичнээн төгрөг зарлагадахыг олон нийт чих тавин сонирхож байгаа. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан журмыг УИХ-аас баталсан ч төсөв хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл ил болгоогүй.
Сонирхуулахад, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын тушаалд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан юм.
Үзэгчгүй наадамд зарцуулах 10 тэрбумыг арай бодитой зүйлд хөрөнгө оруулмаар байна. Ковидын цар тахлын улмаас халдвар авсан иргэдийн тоо хоёр мянга давж, хорвоог орхигсдын шарил өдөрт арав гаруйгаар нэмэгддэг боллоо.
Өнөөдрийн байдлаар манай улсад 900 орчим амьсгалын аппарат эмнэлгүүдэд байдаг гэсэн тоо бий
Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, эмч бараадаж чадахгүй эндсэн тохиолдлууд ар араасаа бүртгэгдсээр. Энд тэндгүй ор дэлгэж байгаа ч өвдөөд очсон иргэдээ аврах багаж хэрэгсэл, эмч мэргэжилтнүүд нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Эрчимт эмчилгээний тасагт байтугай энгийн өрөөнд ч орж чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүмүүсийг амьдруулах боломж нь амьсгалын аппарат байсныг статистик мэдээллүүд бэлхнээ харуулаад байна. Иймд наадам хийх 10 тэрбумаараа амьсгалын аппарат авч цөөхөн ард түмнийхээ амийг аваръя.
Хүн амьсгалж чадахгүйгээр нэг хором ч байхад хэцүү. Амьсгалын зам хаагдсан, өөрөө амьсгалахад хүндрэлтэй өвчтөнүүдэд амьсгалын аппарат л аминд нь ордог. Ийм аппарат нь амьсгал дэмжих, зохиомол амьсгалыг гаргаж хүчээр амьсгалуулах зэрэг маш олон үүргийг гүйцэтгэдэг.
Өнөөдрийн байдлаар манай улсад 900 орчим амьсгалын аппарат эмнэлгүүдэд байдаг гэсэн тоо бий. Дийлэнх нь насжилт удаантай. Номондоо амьсгалын аппаратны ажиллах хугацаа таван жил байдаг аж. Гэтэл манайд арав гаруй жил ажилласан аппаратуудаа ашигласаар л, тоолуулсаар л байх юм. Хөдөө орон нутагт бол бүр ч ярилтгүй. Монгол орны хаа сайгүй тархаж байгаа коронагийн үед аймгуудаа ч бас амьсгалын аппаратаар хангах хэрэгтэй байна.
Амьсгалын аппаратны зах зээлийн ханш нь 16-45 сая төгрөгийн хооронд байдаг юм билээ. Үйлдвэрлэсэн улс, хүчин чадлаасаа хамаарч ийм үнэтэй аж. Наадам хийх 10 тэрбумаараа хямдаас нь гэхэд 625 ширхэг амьсгалын аппарат авчихаар байна.