Ноён уул ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ боллоо

  • 0
  • 143
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай 81 дүгээр зарлигийг гаргажээ. Ерөнхийлөгчийн зарлигийг төрийн зарим байгууллагад гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд болсон байна.

Ёслолд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нар оролцож, зарлигийн хувийг Ерөнхийлөгчөөс гардан авсан аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гардуулсны дараа "Миний бие хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгалаа. Ноён уул бол монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбаа, төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан билээ. Бидний өвөг дээдэс Хүннү гүрний өв соёлыг хадгалсан Ноён ууланд орших  булшийг 1912 онд "Монгол-Ор” нийгэмлэгийн техникч А.Баллод гэх хүн олсныг судлахаар 1924 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн газар зүйн шинжилгээний анги ирж, Ноён ууланд Хүннүгийн 200 гаруй булш байгааг тогтоосон байна. Ноён уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт амнуудад нийт 250 орчим булш бий. Ноён уулын дурсгал нь дараах асуудлуудад хариу өгснөөрөө бидэнд онцгой ач холбогдолтой билээ” гэжээ.

Мөн тэрбээр "Өнөөг хүртэл Хүннү гүрэнд хамаарах 7,000 гаруй булш олдсоны ихэнх нь, гол төлөв язгууртан ихэс дээдсийн булш манай улсын нутаг дэвсгэрт байна. Энэ нь Монгол бол Хүннү гүрний үндсэн нутаг, засаг захиргааны төв гарцаагүй мөн болохыг нотолж байгаа юм. Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүн судлалын хэрэглэгдэхүүн, малгай, дээл, хувцас, оршуулгын зан үйл зэрэг нь Хүннүгийн залгамж хойч нь монголчууд бид ч мөн болохыг генетикийн болоод соёлын хувьд бат нотолжээ. Учир иймд монгол бидний дээд язгуур Хүннү гүрний түүх, соёлыг агуулсан, байгалийн үзэмжит тогтоц бүхий эртний түүхт Ноён уулыг байгаль, түүхийн дархан газар хэмээн үзэж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж энэхүү зарлигийг гаргалаа. Тахилга нь зан үйл төдий зүйл биш юм. Энэ бол байгаль, соёл, эх түүхээ хайрлах, хүндэтгэх, хамгаалахыг үеийн үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон хойч үед дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм. Эртний энэ сайхан уламжлалын дагуу Ноён уулыг төрийн тахилгатай болголоо” гэсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх