Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 9-16-ны хооронд иргэдээс нийт 2217 дуудлага ирснээс 2015 буюу 90.9 хувьд нь амжилттай үйлчилж ажиллажээ. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 105 буюу 5.21 хувийг эзэлж байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа хоёр минут байгаа юм. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 216 иргэн хандаж8 автомат хариулагчаас 86, оператор ажилтантай 130 иргэн холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд ямар цагийн хуваариар ажиллаж байгаа вэ?
-Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаал, хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан. Захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-наас долоо хоногийн хугацаатай түр хориглолоо. Түүнчлэн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлахаар болсон. Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон юм.
-Жирэмсэн эхчүүд хэрхэн вакциндаа хамрагдах вэ?
-Зургадугаар сарын 14-нөөс эхлэн жирэмсэн эхчүүдийг Файзер буюу Комирнэти (BNT 162b2) вакцинд хамруулж эхэллээ. Вакцины I тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд, II тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд сайн дурын үндсэн дээр хийнэ. 36 дахь долоо хоногоос өмнө II тунгаа авч амжаагүй жирэмсэн эмэгтэйчүүд төрснөөс хойш 42 хоногийн дараа II тундаа хамрагдах боломжтой. Жирэмсэн эхчүүд http://vis.health.gov.mn.survey хаягаар цаг авч, дүүрэг болгоны нэг цэг дээр дархлаажуулалтад хамрагдах юм.
-Ойрын хавьтал болсон бол хаана мэдэгдэх вэ?
-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой юм. Тодруулбал,
- Баянгол дүүрэг-89121177
- Баянзүрх дүүрэг-19001063, 70150065
- Сүхбаатар дүүрэг-70003910
- Сонгинохайрхан дүүрэг-79976000, 70172827, 70172313
- Хан-Уул дүүрэг-70043085
- Чингэлтэй дүүрэг-70007105
- Налайх дүүрэг-70233464
- Багануур дүүрэг-70212903
- Багахангай дүүрэг-7049103
Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа. Иймээс ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн. Иймээс 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг юм. Нийслэлийн хэмжээнд шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байгаа бөгөөд хөдөө, орон нутагт халдварын тархалт ихсэж байгаатай холбогдуулан орон нутагт зорчих вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэснээс бусад иргэн зорчих аймгийнхаа онцгой комиссоос шаардаж буй шинжилгээний хариутай зорчино.
Тандалт, хариу арга хэмжээний үйл ажиллагааг өргөжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүллээ. Тодруулбал, тандалт хариу, арга хэмжээний үйл ажиллагааг өргөжүүлж, ковидын нэгдсэн лавлах 119 утсанд мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
-Шинжилгээний цэгүүд хаана ажиллаж байгаа вэ?
-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:
- Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношлогооны төвийн зогсоол
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гарамын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Эх сурвалж : НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ