Ангараг гарагт байгаа Хятадын станцын зургийг АНУ-ын хөлөг тойрог замаас авснаа дэлхийд ирүүлжээ

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Ангараг гарагийн тойрог замд ажиллаж байгаа АНУ-ын MRO (Mars Reconnaissance Orbiter) хөлөг тус гарагийн гадаргуу дээр ажиллаж буй Хятадын Zhurong робот станцын гэрэл зургийг буулгаснаа дэлхийд ирүүлжээ.

Zhurong станц анх газардсан газраасаа холгүй ажиллаж байгааг уг гэрэл зураг харуулсан байна.

Энэ бол Хятадын робот станц Ангарагт буусныг хөндлөнгийн этгээд баталсан анхны тохиолдол юм.

MRO хөлгийн камерт бас Zhurong станцыг газардуулах үед ашигласан халалтаас хамгаалах бүрхүүлийн хэсгүүд, шүхэр зэрэг өртсөн байна.

Хятад улсын судалгааны робот станц тавдугаар сарын 14-ний өдөр Ангараг гарагийн хойд хагасын Utopia Planitia нэртэй тэгш газарт буусан юм. 240 кг жинтэй Zhurong станц нь 2000-аад оны үед NASA-гийн Ангарагт илгээж байсан Spirit, Opportunity станцуудтай төстэй харагддаг.

Хятадын эрдэмтэд уг станцыг хамгийн богинодоо Ангарагийн хэмжүүрээр 90 хоногийн хугацаанд ажиллуулах зорилготой байгаа юм.

Zhurong станц орчноо харах хэд хэдэн камертайгаас гадна чулуулгийн бүтцийг задлан шинжлэх, цаг уурыг судлах зэрэг нийт таван багажаар тоноглогджээ. Ангараг гарагийн өөр хэсэгт АНУ-ын Curiosity, Perseverance нэртэй робот станцууд бас үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх