Олон Улсын хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ингэж мэдээлэв

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлжээ. Сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэхдээ ихэвчлэн "Монгол Улсын Ерөнхий сайд асан, эрх баригч Ардын намын дарга Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа" хэмээн бичсэн байна. 

Тухайлбал, Хятадын Синьхуа агентлаг "У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа  зарлалаа" гэх гарчигтай мэдээ гаргажээ. Тус агентлаг "У.Хүрэлсүх урьдчилсан дүнгээр 65 хувийн санал авсан" гээд түүнийг сонгуулийн санал хураалт дууссаны дараа "Монголынхоо нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Үүнийг би асар их хариуцлага гэж ойлгож байна" хэмээн хэлсэн үгийг нь иш татсан байна. Мөн "нэр дэвшигч Д.Энхбат "Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай!" хэмээн хэлсэн" тухай мэдээлжээ.

Туркийн Anadolu Agency агентлаг сонгуулийн дүнг мэдээлж, "Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч дахин сонгогдох эрхгүйгээр зургаан жилийн хугацаанд  төрийн тэргүүнээр ажиллана гэж шинэчлэн найруулсан бөгөөд ингэж өөрчилсний дараах анхны сонгууль боллоо" гэж бичсэн байна.

Оросын ТАСС агентлаг МОНЦАМЭ агентлагийн эх сурвалжтайгаар сонгуулийн дүнг танилцуулсан бол Америкийн Ассошиэйтед Пресс агентлаг "У.Хүрэлсүх ялалт байгуулснаар Монгол Ардын нам хяналтаа бэхжүүлж, улс орны ардчилалд эрсдэл учруулж болзошгүй гэж сөрөг хүчин үзэж байна" гэжээ. 

Ройтерс агентлаг мөн л Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгогдох эрхгүй болсныг дурджээ. Тиймээс сөрөг хүчин болох Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсон талаар бичсэн байна. Мөн нэр дэвшигч С.Эрдэнийн "Хэрвээ чи МАН-ын гишүүн биш бол, хэрвээ чи эрх баригч намтай ямар нэг холбоо хамааралгүй бол чи өөрийн сонгосон ажлаа хийх, сонгосон мэргэжлээрээ суралцаж, сонгосон газраа амьдарч чадахгүйд хүрч байна" гэж хэлснийг дамжуулжээ.

Вашингтон хотод төвтэй The Diplomat сайтад гаднын гурван сэтгүүлчийн хамтран бичсэн нийтлэлд "Ардчилсан хувьсгал ялснаас хойш Монгол Улсад 30 жилийн түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том ялалт боллоо. У.Хүрэлсүх 68 хувь буюу нийт сонгогчдын гуравны хоёроос илүү хувийн саналыг авсан" гэв. "Түүнээс өмнө Нацагийн Багабанди 60 орчим хувийн саналаар ялалт байгуулж байсан" гэж бичсэн байна. Мөн "Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ нийт сонгогчдын 6 хувь буюу 72,569 санал авсан бөгөөд  тэмдэглэгээ хийгээгүй 71,738 саналын хуудаснаас багахан хэмжээгээр илүү байгаа нь одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын намын хувьд хүндхэн уналт боллоо гэв.

Түүнчлэн энэ сонгууль Монголын улс төр дэх үймээн самуунтай зургаан сарыг цэглэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Ковид-19-ийн эсрэг явуулж буй арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжиж, тухайн үеийн Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцроход хүргэсэн" гэжээ. Мөн У.Хүрэлсүхийг тухайн үед хариуцлага хүлээхээс илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших сонирхолтой байна гэсэн таамаг гарч байсан тухай бичсэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх