БНЭУ-д халдварын тархалт буурч, мужууд нь хөл хориогоо сулруулж байна

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Энэтхэг улсад ковид19 цар тахлын халдварын тархалт сүүлийн хэд хоног дараалан буурч, зарим муж нь хөл хориогоо сулруулж эхэлжээ. Харин халдварын эрсдэл өндөр байгаа мужууд нь энэ сарын 14-нийг хүртэл хөл хориогоо сунгасан байна.

Сүүлийн 24 цагт тус улсад коронавирусний халдварт тохиолдлын тоо 100 мянга болж буурч, нас барсан 2427 тохиолдол нэмж бүртгэгджээ. Нийслэл Шинэ Дели хотод цар тахлын дэгдэлт харьцангуй буурсан учраас хөл хориогоо сулруулж, дэлгүүр худалдааны төвүүдийн үйл ажиллагааг тэгш сондгой тоотой өдрөөр ээлжилж ажиллах, хувийн байгууллагуудыг ажилтныхаа 50 хувийг ажиллуулах зэрэг журам мөрдүүлж байгаа аж.

Харин хамгийн их хүн амтай Уттар Прадеш мужийн 75 дүүргийн 55 нь зөвхөн шөнийн хөл хориогоо үргэлжлүүлж байна. Баруун бүсийн Гужарат муж өнөөдрөөс эхлэн төрийн болон хувийн байгууллагуудыг ажилтныхаа тоог хязгаарлахгүйгээр, хэвийн горимоор ажиллахыг зөвшөөрч байгаа юм. Мөн тус мужид дэлгүүр худалдааны байгууллагуудыг хэвийн цагийн хуваариараа ажиллахыг зөвшөөрчээ.

Тус улсад вакцинжуулалт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 226 сая гаруй хүн вакцинд хамрагдсанаас 44,6 сая нь буюу хүн амынх нь 3,3 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. Энэтхэгийн засгийн газар ирэх 7 дугаар сар гэхэд 516 сая тун вакцин, 12 дугаар сар гэхэд 2,1 тэрбум тун вакцин хийхээр төлөвлөж байгааг эрүүл мэндийн сайд нь мэдэгджээ.

Тус улсын Серум хүрээлэн АстраЗенека-Оксфордын ковишильд вакцины 750 сая тунг үйлдвэрлэж, засгийн газартаа нийлүүлэх юм байна. Мөн дотоодын биотехнологийн Брахат компанийн гарган авсан Коваксин вакцинаас 550сая тунг авахаар хүлээж байгаа юм байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх