СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил болон зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
Өнөө өглөө 09.00 цагаас санал авах байранд биечлэн очиж саналаа өгөх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч эхэлсэн. Санал хураалт орой 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Үүнийг задалбал, эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн санал өгөх боломжгүй 11800 иргэн байгаа бол Covid-19 халдварт өртсөн болон голомтонд ажиллаж буй нийт 7051 хүн бүртгүүлсэн байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн автомат санал тоолох төхөөрөмжөөс гадна гар тооллого, хяналтын тооллого хийнэ. Мөн энэ удаагийн сонгууль бэхэн тэмдэглэгээ хийхээр болсон билээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Сонгуулийн ажиглагчдын хувьд улс төрийн намууд ажиглагчдынхаа асуудлыг шийдсэн. Санал хураах өдрөөс тав хоногийн өмнө ажиглагчдын асуудал хэсгийн хороодод бүртгэгдэж, үнэмлэх олгогдох ёстой. Энэ ажил бүрэн хийж дууссан. Энэ удаагийн сонгуулийг гадаад ертөнц их сонирхож байгаа. Монгол Улсын сонгууль ил тод, ардчилсан сонгууль явдаг, зарим үзүүлэлтээр манай улс бүс нутагтаа үнэлэгддэг.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт хүний эрхийн албаны сонгууль ажиглах хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн ажиглах юм. АНУ, Япон, ОХУ зэрэг 8 улсын төлөөлөл орсон баг ирсэн. Филиппин улс манай хэрэглэж байгаа автоматжуулсан системийг хэрэглэж байгаа учир гаднаас зорьж ирж энэ удаагийн сонгуулийг ажиглахаар болсон. Бидний хувьд сонгуулийн бэлтгэл ажил бэлэн болсон" гэлээ.
Мэдээллийн дараа холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Улаан бүсэд байгаа хүмүүсээс авсан саналыг хуудсыг хэрхэн халдваргүйжүүлэх вэ?
-Улаан бүсээс санал хураалтад оролцож байгаа хүмүүс саналаа өгөхөөсөө өмнө нэг удаагийн бээлий өмсөнө. Гар тооллогын үеэр тухайн хүн саналын хуудсыг гар тооллогоор тоолохоос өмнө эрүүл мэндийн байгууллагын ажилтан амны хаалт болон бээлий зүүн гаргаж ирж, халдваргүйжүүлнэ. Сонгуулийн үеэр ажиллаж буй хэсгийн хороодын ажилчид болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдад сургалт орж байгаа. Саналын хуудсаар дамжин халдвар тархах эрсдэл бага. Халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисан тохиолдолд халдвар тарахгүй гэж үзэж байна.
-Ирц хүрэхгүй нь улмаас дахин сонгууль явагдсан тохиолдолд хөрөнгө мөнгөний асуудал хэрхэх вэ. Сонгогчийн нэрийн бүртгэлтэй холбоотой асуудлыг эцэслэж өгнө үү?
-Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг үлдээж 14 хоногийн дотор дахин санал хураалт явуулна. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. Гэхдээ сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26 тэрбум төгрөг.