Б.БОЛДСАЙХАН: Хүүхдүүдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр арга байхгүй

  • 0
  • 100
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Хэдийгээр иргэд вакцинд найдаж байсан ч вакцинаа хийлгэсэн хүмүүс ч халдвар авах тохиолдол гарсаар байгаа юм. Тэгвэл вакцинаа хийлгэсэн иргэд ямар учраас халдвар аваад байгаа, мөн хүүхэддээ вакцин хийлгэх нь зөв, буруу эсэх талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайханаас тодрууллаа.

-Манай улс вакцинжуулалтаараа нэлээн гайгүй яваа. Гэвч халдварын тоо буурахгүй байгаа нь иргэдийн вакцинд итгэх итгэлийг бууруулж байна. Энэ асуудалд та тайлбар өгөөч? 

-Манай иргэд бас өндөр боловсрол, ухамсартай учраас нэгдүгээр тундаа 99 хувь нь, хоёрдугаар тундаа 63 хувь хамрагдсан байна. Хэрвээ вакциндаа ингэж идэвхтэй хамрагдаагүй бол дархвар судлаачид, математикчдын прогнозоор доод тал нь өдөртөө 10-20 мянган хүн өвдөөд 1000-аас дээш үхэлтэй байх байсан.

Шинжлэх ухаан гэдэг чинь шашин шиг юм биш. Маш олон судалгааны төвүүдэд олон хүн дээр хийгээд гарсан үр дүнгээ л ярьж байгаа шүү дээ. Тэр тусмаа ковид бол дэлхий дээр анхных. Бид нар ярьдаг ш дээ. Би анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй гээд. Монголчууд ч, иргэд ч алдаж байна. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлдээд байж л байна. Засгийн газар ч алдаж байна. Америк ч алдсан. Америк ямар байсныг санаж байна уу. Нью-Йоркд өдийд аймар байсан шүү дээ. Хүнээ тавих газар байхгүй массаар нь оршуулж байна шүү дээ. Дэлхийн хоёрдугаар дайн шиг. Бүгд алдаж байгаа. Гэхдээ хамгийн бага алдах ёстой. Яагаад гэвэл энэ алдааны цаана хүний амь байдаг. Хүний өвчин зовлон гэр бүлээрээ сүйрдэг. Уй гашуу эмгэнэл байдаг учраас хамгийн бага алдах ёстой. Бусад орныхтой харьцуулаад өвчлөлийн хувьд тэдэн хувь, вакцинжуулалтын хувь тэдэн хувь байна гээд байгаа нь харьцуулаад л тэд нарын алдаанаас сурах ёстой. Вакцин тариулаад л маргааш нь ид шидтэй болоод гадуураа хуяг хийчихсэн юм шиг болж байгаа юм биш. Огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тарьсан ч тариулаагүй ч бүх хүн дээр халдвар орж ирж байгаа шүү дээ. Тэндээс бие рүү нь ороод өвдөж эхлэх, огт өвдөхгүй байх гээд тодорхой юм байгаа. Дэлхий даяар 1,2 дугаар тун хийлгэсэн хүмүүс бол нэлээд өндөр хувьтай 4, 5 хувь нь халдвар авч байгаа. Тэрнээс ч өндөр байгаа зарим орнуудад ямар мутац гэдгээсээ хамаараад.

Монголд харьцангуй бага. Азаар Засгийн газар маш сайн ажилласан. Би иргэн хүнийхээ хувьд, эмч хүний хувьд Монголын Засгийн газарт, Ерөнхий сайдад, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, УОК-ынхонд бүгдэд нь талархмаар байгаа юм.

-Вакцины хоёр тундаа хамрагдсан ч халдвар авч байгаа хүмүүсийн тухайд?  

-Вакцинаа хийлгэсэн хүмүүсийн өвдөлт нь их хүндэрч, өвдөх нь харьцангуй бага, бүр байхгүйтэй адилхан. Үхэлд хүргэх нь тун бага. Гэхдээ хоёр сая иргэн дунд таргалалттай, сахартай, зүрхний өвчин, уушгины архаг өвчтэй, халдвартай, дархлаа дарангуйлах эмгэгтэй гээд суурь өвчтэй хүмүүс маш их байгаа шүү дээ. Энэ хүмүүс хэчнээн вакцин хийлгэлээ ч гэсэн өөрийнх нь бие сул, дархлаа муу байгаа учраас тийм амар биш. Амархан өвдөх магадлалтай, бага зэрэг хүндрэх магадлалтай. Гэхдээ үхэх магадлал эрс багасдаг. Гэхдээ иргэд, Засгийн газар, Эрүүл мэндийн салбарынхан, эмч сувилагч нар бүгд сайн ажилласны үр дүнд вакцинаа сайн хийсэн.

-Сүүлийн үед хүүхдүүд халдвар авах тохиолдол их байна. Мөн дэлхий улс оронд хүүхдүүдэд вакцин хийх нь зөв, буруу гэсэн асуудал яригдаад байна. Үүнд тайлбар өгөөч?

-Халдвар хүүхдүүдээр дамжиж байгаа. Сүүлийн үеийн ЭМЯ-ны мэдээг үзсэн бол халдвар авч байгаа хүний 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байна. Монгол хүүхдийн орон. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувь байгаа. Тэд нар огт вакцин хийгдээгүй учраас тэднээр дамжиж байгаа. Зарим нь өвдөж байна. Харамсалтай нь хүүхдээ таргалуулдаг, чихрийн шижинтэй болгодог, суурь өвчтэй болгодог, хоолой өвддөг, дархлааны өөрчлөлтөд орсон хүүхдүүд их байдаг болчихсон. Тэд илүү өвдөөд байгаа юм. Монголд ч биш дэлхий даяар өвдөж байгаа. Би Засгийн газрыг магтдагийн учир нь энэ намар хичээл эхэлнэ гэсэн. Тэрний өмнө бүх хүүхдүүдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл гайгүй байгаа вакцины нэг PFIZER-ийг 2.5 сая тунг гэрээ хийгээд эхнээсээ оруулаад ирчихсэн байгаа. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийхээр өөр арга байхгүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвүүдийн өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийхээс өөр арга байхгүй. Энэ дотроос хамгийн аюулгүй, гайгүй гэж байгаа нь pfizer байгаа. Би Засгийн газарт талархмаар байна.

-Та хүүхэддээ хийлгэх үү?

-Би хамгийн түрүүнд 15 настай хүүгээ аваачиж pfizer хийлгэнэ. Учир нь би хүүхдээд битгий өвдөөсэй, битгий хүндрээсэй, битгий үхээсэй гэж байгаа учраас хамгийн түрүүнд очиж хийлгэнэ. Хар ухаанаар бодоход ч муухай шдээ. 2 сая том хүн нь өөрсдөө амиа бодоод вакцин хийлгэчихсэн. Тэгээд энэ тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм. Эхнээсээ өвдөөд үхээд байна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийнхээ төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирсэн Засгийн газарт талархмаар байна. 100 жилийн ой болох наадмаараа бүгд сайхан эрх чөлөөтэй, цэнгэл наадамтай байя гэж бодож байвал вакцинаа хийлгээд хариуцлагатай байх ёстой. Хэчнээн баяр болоод, хэчнээн шагнал авлаа ч гэсэн үнсэлцэхгүй 2 метрийн зайд ойртохгүй, олноороо шавахгүй, гашуудал оршуулга болсон ч ингэхгүй байхыг л хичээх хэрэгтэй.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх