Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хийж, хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэх чиглэлээр харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Энэ хүрээнд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж халаалт, халуун, хүйтэн усаар хангах, бохир усыг татан зайлуулах зэрэг ажлыг 24 цагаар гүйцэтгэж байгаа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 1600 гаруй ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ. Тэрбээр Улаанбаатар хотод ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт, орон сууцны хороолол баригдах талаар танилцуулсан бөгөөд үүнд дэд бүтцийн асуудал хамгийн тулгамдаж байгаа гэв. Мөн энэхүү ажилд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын туршлагатай ажилтнууд хэрэгтэй байгааг онцоллоо.
Түүнчлэн Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа” талаар ярилаа. Энэ хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм. Хууль, эрх зүйн орчин сайжирснаар хотын тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой болох юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад Хот байгуулалт, Газрын тухай хууль зэрэг олон хууль өөрчлөгдөх аж.
Хотын дарга Д.Сумъяабазар “Түүхэндээ анх удаа Улаанбаатар хот УИХ-аас том дэмжлэг авч байна. Хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-ын гишүүд байгуулсан. Цаашид хууль, эрх зүйн орчныг өөрчлөхөд том дэмжлэг болно. Мөн Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, хотын асуудлыг шийдэхэд 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг нээж өгсөн. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй" гэв.
Цаашлаад 420 тэрбумаас ч илүү хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотод татан төвлөрүүлнэ гэдгийг онцолж байлаа. Мөн УИХ, Засгийн газар, Улаанбаатар хот нэгдсэн ойлголтоор хамтарч ажиллаж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах том боломж бүрдэж байгаа аж. Хотын даргын хэлснээр “Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн байгууллага зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сайжрах таатай нөхцөл бүрдэж байна” гэлээ.
Тэрбээр “Улаанбаатар хотын дэд бүтэц, шугам сүлжээ хуучирсан байна. Үүнийг шинэчлэхэд ихээхэн хөрөнгө шаардлагатай. Тиймээс эхлээд хууль, эрх зүйн орчноо сайжруулаад дараа нь үе шаттай шинэчлэлтийн ажлуудаа хийнэ” гэлээ. Түүнчлэн засаглалын хувьд зөв бүтэц хийж, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.
Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт сүүлийн гурван жил хөрөнгө оруулалт хийгдээгүй байна. Мөн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах, газар олголтыг шийдэж өгөх, ажилчдын орон сууц барих шаардлагатай байгаа талаар санал хэлж байв.
Харин Хотын дарга газрын асуудлыг шийдэж өгнө гээд ажилчдын нийгмийн асуудал, цалин урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ. Тэрбээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хөрөнгө оруулалтын асуудлыг бодитоор дэмжих ёстой. Гэхдээ хөрөнгө, мөнгөтэй холбоотой асуудлууд хууль, эрх зүйн орчинд очоод гацдаг. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа яаралтай батлуулах шаардлагатай байгааг дахин дурдсан юм. Мөн хот биеэ даасан эдийн засагтай болохын тулд өмч, хөрөнгөө бүртгэлжүүлж, цахимжуулах шаардлагатай байгаа талаар онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС