Ираны тэнгисийн флотын хамгийн том хөлөг галд шатаж, далайд живжээ

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Лхагва гарагийн шөнө дундаас эхлэн Оманы буланд байрлаж байсан Ираны тэнгисийн флотын хамгийн том хөлөг дээр гал гарч, эцэстээ далайн усанд живжээ.

“Харк” нэртэй уг хөлөг нь ачаа тээвэр, байлдааны бэлтгэл сургуулилалтад ашиглагддаг байсан юм. Мөн нисдэг тэрэг хөөргөх, буулгах тавцантай байжээ. Хөлөг дээр ямар шалтгаанаар гал гарсныг тогтоож чадаагүй байна.

Гал унтраах ажиллагаа 20 цагийн турш үргэлжилсэн ч үр дүнгүй болж, хөлөг далайд бүрэн живжээ.

Хөлөг дээр байрлаж байсан усан цэргүүдийг бүгдийг нүүлгэн шилжүүлж чадсан байна. “Харк” хөлгийг Их Британид үйлдвэрлэж, 1979 онд Иранд гарсан исламын хувьсгалын өмнөхөн ашиглалтад оруулж байжээ. 

Тегераны эрх баригчид хувьсгалаас өмнө захиалаад байсан хөлгийг авахаар хэдэн жилийн турш хэлэлцээ хийсний эцэст 1984 онд хүлээж авсан юм.

Хөлгийн ихэнх эд ангиуд хуучирч муудсан тул Ираны инженерүүд өөрийн хүчээр сэлбэн засварлаж байжээ.

Сүүлийн жилүүдэд Ираны тэнгисийн флотод осол эндэгдэл байнга гарч байгаа.

Өнгөрсөн онд болсон байлдааны сургуулилалтын үеэр алдаа гаргаж, өөрийн хөлгийг пуужингээр харваснаас 19 усан цэрэг амь үрэгдэж, 15 нь шархдаж байв.

2018 онд Ираны тэнгисийн байлдааны хөлөг Каспийн тэнгист живж байжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх