Хятадын дархан цаазат газраас зугтсан зааны сүрэг (нийт 15 заан байжээ) тариалангийн суулгацуудыг туучиж, сая гаруй долларын хохирол учруулжээ.
Синхуа агентлагийн мэдээлснээр, Сишуанбаньна дархан цаазат газраас зугтсан заанууд 2,6 сая хүн амтай Юйси хот хүртэлх 500 км замыг туулсан байна. Заанууд дархан цаазат газраас нүүдэллэсний шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ. Тэд явах замдаа нутгийн дэд бүтцэд 400 гаруй эвдрэл гэмтэл учруулжээ.
Юаньжян, Шипин суурингуудад гэхэд л хөдөө аж ахуйн тариалангийн 56 га газрыг устгасан байна. Түүнчлэн нутгийн оршин суугчдад ч хохирол учруулжээ. Тухайлбал, Эшан хотын оршин суугчдыг энэ үеэр гэрээсээ гарахгүй байхыг эрх баригчид үүрэг болгосон бол зургаан цагийн туршид заанууд хотын гудамжаар явж байсан тул явган хүн, автомашинуудыг нүүлгэн шилжүүлжээ.
Заанууд Юйси дэх Хунта дүүрэгт ажиглагдсаны дараа Хятадын эрх баригчид заануудыг ажиглах 24 цагийн хяналтын төв байгуулсан байна. Энэ үүргийг гүйцэтгэхээр 360 гаруй хүн, 76 цагдаагийн автомашин, ачааны машин, есөн дроныг дайчилжээ. Түүнчлэн заануудад өгөх 18 тонн тэжээл бэлтгэсэн байна. Зугтсан зааны сүрэгт зургаан насанд хүрсэн зургаан эмэгчин, гурван эрэгчин, нас бие гүйцэж буй гурван заан, гурван тугал байсан гэж CNN мэдээлжээ.
Энд дуулгахад, Азийн заанууд Ази тив дэх хамгийн том хуурай газрын сүүн тэжээлтэн юм. Хятадад зааныг хамгаалалтад авсан байдаг бөгөөд 300 орчим заан Юньнань мужид нутагладаг аж.