Тамгаа авч зугтсан Н.Түвшинбаярын увайгүй үйлдэл олимпод оролцох тамирчдаа хөөдөх нь

  • 0
  • 131
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Бөх хүн угсраа олон мэхтэй байж гэмээнэ амжилтад хүрдэг. Н.Түвшинбаяр ч мөн бусад аваргын адил олон угсраа мэх, эр бярынхаа хүчээр олимпын аварга болсон. Олимпын дэвжээнд шуугиулж, Монголын бахархал болсон эр бяраа дотны найз Э.Энхбатдаа гаргаж, үхэл, амьдралын заагт аваачсан нь даанч харамсалтай. Алдар сууд хүргэсэн өнөөх уран “мэх”-ээ тэс өөр зүйлд уралдуулан, хуулийн байгууллагад өөрийгөө хэрхэн эвтэйхэн тайлбарлах вэ, уснаас яаж хуурай гарах вэ гэж толгойгоо гашилгаж суугаа нь эмгэнэлтэй.

Энэ хэргийн дараа “Нөхөрлөл эхэлсэндээ бус найзалж яваад яаж дууссандаа” гэж үнэн байгаа биз” хэмээн хэн нэгэнд мадлуулсан хүн хэчнээн олон байгаа бол. Найзыгаа буруу сонговол нөхөрлөл ямар хуурамч, зөв таних хэчнээн чухлыг Н.Түвшинбаярын энэ үйлдэл тод томруун харуулсан. За, энэ ч яах вэ. Түүнийг буруутай эсэхийг хуулийн байгууллага аяндаа эцэслэн тогтооно.

Н.ТҮВШИНБАЯР МҮОХ-НЫ ЦАХИМ ХУУДАС, САЙТЫН НУУЦ ҮГИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ

Үүнээс ч ноцтой, Монголын спортын, тамирчдын эрх ашиг хөндөгдсөн нэгэн асуудал яалт ч үгүй спортынхны өмнө хөндөлслөө. Н.Түвшинбаярыг ёс зүйн хариуцлага хүлээгээд, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа өгөх болов уу гэж таамагласан хүн олон. “Аварга ажлаа өгөхөөр болж” гэх мэдээлэл хүртэл цацагдаад амжсан. Тэр нь ч худал байж. Нөхцөл байдал түүнээс тэс өөрөөр өрнөлөө. Бүр Н.Түвшинбаяр жлаа үргэлжүүлэн хийх хүсэлтэйгээ илэрхийлсэн захидал ОУОХ руу илгээн, МҮОХ-ны цахим хаяг, сайтын нууц үгийг өөрчилжээ.

Н.ТҮВШИНБАЯР ОУОХ РУУ ЗАХИДАЛ БИЧИН, АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХИЙХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ

МҮОХ-ны Ерөнхийлөгч зодооны хэрэгт орооцолдсон мөртлөө албан тушаалтайгаа үлдэх гээд элдэв арга сүвэгчилж явааг нь ОУОХ юу гэж зүгээр хараад суух вэ. ОУОХ-ноос “Ийм асуудалд холбогдсон Н.Түвшинбаярт ямар хариуцлага тооцох вэ. Хэрвээ МҮОХ ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй бол ОУОХ-ны Ёс зүйн хороогоор хэлэлцэнэ” гэж удаа дараа шаардав. Хэрвээ үүнийх нь дагуу ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол Монголын тамирчид Токиогийн олимпод ОУОХ-ны туган дор оролцох эрсдэл үүсэх байлаа.

Тиймээс шахалтанд орсон МҮОХ аргагүйн эрхэнд Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлэв. Шууд чөлөөлөөгүй түтгэлзүүлсэн юм л даа, уг нь. Хуулийн байгууллага түүнийг шалгаад, гэм буруугүй гэж үзвэл МҮОХ-ны ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой гэсэн үг.

МҮОХны ТАМГЫГ АВЧ ЗУГТСАН АНХНЫ ХҮН БУЛГАНЫХ

Тийм том алдаа гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэж шалгуулж буй хүн хариуцлага хүлээх байх гэж суутал МҮОХ-ны тамгыг аваад зугтсан анхны хүн болж, Булган нутгийнхаа “амжилт”-ыг нэгээр нэмэхийн чинээ хэн санах билээ. МҮОХ-ны Ерөнхийлөгчөөс түүнийг түтгэлзүүлсэн шийдвэр гарангуут ажлаа өгөхөөс татгалзан, тамгаа аваад зугтчихсан нь таамаглахын аргагүй нүүдэл, хаанаас нь гарсан “мэх” юм бүү мэд.

Ажлаас “хусагдах”-аараа тамгаа аваад зугтдаг үйлдлийг бид нам, эвсэл, төрийн байгууллагаас, улс төрөөс л хардаг. Ерөнхийлөгчийн дэргэд олон жил явсных нөгөө “алтны дэргэдэх гууль шарална” гэдэг л болж байгаа юм уу даа, янз нь. Спортын салбараас, тэгээд бүр олимпын аварга хүн тамга хулгайлсан, МҮОХ-ны тамга алдагдсан анхны тохиолдол. Бахархаад, анхных гэж тодотгох сайхан үйл явдал биш л дээ. Гэхдээ л одоо анхных нь юм чинь яалтай билээ.

Ч.НАРАНБААТАР: ҮҮНЭЭС БОЛЖ МОНГОЛЫН ТАМИРЧИД ОЛИМПОД ЦАГААН ТУГАН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг Ч.Наранбаатар түр гүйцэтгэнэ

Энэ талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар ийм байр суурьтай байна. Тэрбээр “Н.Түвшинбаяр Э.Энхбатыг зодсон хэрэг гарсны маргааш биднийг мэдээгүй байхад гадаадын хэд хэдэн хэвлэлд энэ талаар мэдээлж, ОУОХ мэдчихсэн байсан. “Танай Ерөнхийлөгч ямар хэрэгт орооцолдчихов. Бодит мэдээлэл яаралтай явуул” гэж манайд хандсан. Түүнээс хойш Н.Түвшинбаярт ёс зүйн хариуцлага тооц, түүнийгээ танилцуул” гэж биднээс удаа дараа шаардсан.

Бид эхэндээ “Хуулийн байгууллага шалгаж байгаа” гэдэг хариу өгч байлаа. Н.Түвшинбаяр цагдан хорихоос гарч ирснийхээ дараа МҮОХ-ны цахим хуудас, сайтын нууц кодыг өөрчлөөд, ОУОХ руу ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэйгээ илэрхийлсэн захидал илгээсэн байна лээ. ОУОХ гайхаад “Танай хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч ийм албан бичиг илгээлээ. Ямар нэгэн хариуцлага тооцохгүй бол ОУОХ-ны Ёс зүйн хороогоор хэлэлцэнэ” гэсэн.

Тиймээс бид хуралдан, Н.Түвшинбаярыг МҮОХ-ны албан тушаалаас түтгэлзүүлсэн. Яг тийм шийдвэр гаргаж байх зуур тэрбээр тамгаа аваад зугтчихлаа. МҮОХ-ны бүхий л шийдвэр тамга дарж байж хүчинтэй. Н.Түвшинбаярыг албан тушаалаас нь түтгэлзүүлсэн шийдвэрээ ОУОХ-нд танилцуулах гэтэл МҮОХ тамгагүй болчихлоо.

Одоо олимп хаяанд ирлээ. Тамирчдаа вакцинжуулах, олимпод оролцох тамирчидтай, олимптой холбоотой шийдвэр, асуудал их гарч байна. Тэр бүхнийг хэрэгжүүлэх, шийдвэрлэх гэхээр тамганы асуудал хүндрэх нь. Тиймээс Н.Түвшинбаяр ухамсраараа тамгаа буцааж өгнө гэж найдаж байна.

Тамгаа буцааж өгөх шаардлагыг Н.Түвшинбаярт хүргүүлсэн. Хэрвээ буцааж өгөхгүй бол хүчингүй болгуулж, шинээр тамга хийлгэн, МҮОХ-ны үйл ажиллагааг богино хугацаанд хэвийн байдалд оруулах чухал болоод байна.

Н.Түвшинбаярын энэ үйлдлээс болж Монголын тамирчид Токиогийн олимпод цагаан туган доор оролцож мэдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ. Үүнээс сэргийлэхийн тулд бидний авсан эхний арга хэмжээ нь Н.Түвшинбаярыг албан тушаалаас нь түтгэлзүүлсэн явдал. Одоо тугны асуудал яаж шийдэгдэх нь үү. Үүнээс их зүйл шалтгаална. Ганцхан хүний үйлдлээс Монголын спорт, энэ олон, тамирчин, дасгалжуулагчдын хөдөлмөр, зүтгэл салхинд хийсэх вий гэж болгоомжилж байна” гэлээ.

Д.ОТГОНДАЛАЙ: ИЙМ ЗҮЙЛ БОЛСОНД ЭМЗЭГЛЭЖ БАЙНА

Д.Отгондалай | News.MN

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай “МҮОХ-нд ийм нөхцөл байдал үүссэнд эмзэглэж байна. Дөрөвдүгээр сарын 9-нд Ч.Наранбаатар даргыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Түүнээс хойш ажил хэвийн үргэлжилж байтал тамганы асуудлаас болж гацчихлаа.

Тамирчин бүхэн олимпын дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэх, улсынхаа далбааг мандуулахын төлөө өрсөлддөг. ОУОХ-ны цагаан туган доор оролцвол Монголын тамирчид тэгэх боломжгүй болно. Тийм эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна.

Н.Түвшинбаярын энэ асуудал олимпод оролцох тамирчдын сэтгэл зүйд тодорхой хэмжээнд нөлөөлнө, эмзэг хүлээж авч байгаа болов уу. Одоо энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх шаардлага үүслээ” гэв.

Т.АМАРЖАРГАЛ: ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД Н.ТҮВШИНБАЯРЫГ ЦАХИМААР ОРОЛЦОХ САНАЛ ТАВЬСАН Ч ОРОЛЦООГҮЙ

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

(МҮОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн)

Түүнийг ийм асуудалд холбогдсон, хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад ямар нэгэн шийдвэр гаргахыг МҮОХ хүсээгүй. МҮОХ-ны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд Ч.Наранбаатар даргыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Н.Түвшинбаяр батлан даалтаас гарч ирэнгүүтээ ийм алхам хийсэнд харамсаж, эмзэглэж байна.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралд Н.Түвшинбаярыг онлайнаар оролцох санал тавьсан. Оролцоогүй. ОУОХ удаа дараа шаардлага тавьсан тул аргагүйн эрхэнд түүнийг түтгэлзүүлсэн. Бид МҮОХ-ны тухай хар бараан мэдээлэл аль болох ярихгүй байхыг хичээдэг. Ийм эрсдэлтэй тулгарсан тул бодит байдлын талаар хэлж, ярихаас өөр аргагүйд хүрлээ” гэлээ.

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгнө – www.oknews.mn

МҮОХ-ны нөхцөл байдал ямар байгаа талаар дээрх гурван эрхэм ингэж ярьлаа. Н.Түвшинбаярт хариуцлага тооцохыг удаа дараа шаардсан ОУОХ тамгаа аваад зугтсан үйлдлийг нь мэдэхгүй, анзаарахгүй байна гэж үгүй. Дахиад л ямар нэгэн шаардлага хүргүүлэх эрсдэл өндөр. Тэр хэрээр Токиогийн олимпод Монголын тамирчид ОУОХ-ны цагаан туган доор оролцох эрсдэл нэмэгдэнэ. Н.Түвшинбаяр өөрөө олимпын аварга, тамирчны жаргал, зовлонг сайн мэдэхийн дээдээр мэдэх хүн.

Тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгч болохын тулд олон зүйлийг золиослосон. 2020 оны УИХ-ын сонгуульд дахиад Баянхонгорт юм уу төрсөн нутаг Булгандаа нэр дэвшин, даагаа нэхэж болох л байсан. Тэгээгүй ганц шалтгаан нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаал. Эл албан тушаалд томилогдох “найраа”-г Ерөнхийлөгч Х.Баттулгатай аль эрт хийн, хамаг замаа зассан. Ийм эрсдэл туулж, УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийг золиослон байж МҮОХ-ны Ерөнхийлөгч болчихоод олимпийн жил ийм асуудалд орооцолдчихлоо. Ийм олон зүйлийг золиослон байж өөрийн болгосон суудлаа алдчих вий гэж айж, эрх ашиг нь хөндөгдөж байгаа нь лавтай.

Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч хэвээр байхаас илүү чухал эрх ашиг байгааг ухаараасай. Үүнээс болж Монголын спортын хөгжил, тамирчдын амжилт саарах учиргүй, Токиогийн олимпод манай тамирчид ОУОХ-ны цагаан тугийн дор оролцвол хариуцлагыг нь Н.Түвшинбаяр хүлээж чадах уу. Энэ бол Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч байх эсэхээс ч чухал зүйл.

Н.Түвшинбаяр дотны найзыгаа зодон, нөхөрлөлийн үнэ цэнийг үл огоорсон. Одоо МҮОХ-ны Ерөнхийлөгчийн тамгаа авч зугтан, удирдагчийн, спортын хүний жудаггүй, увайгүй үйлдэл гаргалаа. Улсын начин Э.Энхбатыг зодсон үйлдэлдээ гэмшиж, ухаарах бус албан тушаалаа алдахаас айж яваа нь хамгийн харамсалтай.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх