8 хүүтэй ээж: Хүүхдүүд маань “Таны баярын өдөр юм чинь амар, бид гэрээ цэвэрлээд дүүгээ харж байя” гэдэг

  • 0
  • 140
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

ҮР ХҮҮХДЭЭСЭЭ ЮУ ХҮСЭХ БИЛЭЭ ДЭЭ. ТЭД ӨӨРСДӨӨ Л БЭЛЭГ ШҮҮ ДЭЭ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Та энэ өдөрт хэр ач холбогдол өгч, хэрхэн тэмдэглэж өнгөрөөдөг вэ? 

-Баярлалаа. Өөрт чинь болон Монголынхоо бүх сайхан ээжүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.

Миний хувьд мартын 8-ныг гэр бүл болон найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Үр хүүхэд хань ижилтэйгээ тоглож, хамтдаа хоол иднэ. Хүүхдүүд их хөөрхөн шүү. “Ээжийн баяр болох гэж байна. Ээжийгээ яаж баярлуулах вэ. Та юу авмаар байна. Та юу хүсэж байна” гээд хөөрхөн, хөөрхөн юм асууна.

-Та тэдний асуултад ямар хариулт өгдөг вэ?

-Үр хүүхдээсээ юу хүсэх билээ дээ. Тэд өөрсдөө л бэлэг шүү дээ. Тэд маань мартын 8-нд өөрсдийн гараар мэндчилгээ бичиж өгнө. Бас “таны баярын өдөр юм чинь та амар. Эсвэл найзуудтайгаа гарч баярла, бид гэрээ цэвэрлээд дүүгээ харж байя” гэдэг.

Харин гурав дахь хүү маань “том болоод ээждээ гоё, гоё хувцас, машин авч өгнө” гээд л байдаг. Хүүхдийн сэтгэл гэж хиргүй цагаан цаас шүү.

19 НАСТАЙДАА АНХНЫ ХҮҮГЭЭ ТӨРҮҮЛЖ БАЙЛАА

-Найман хүүхдийн аав, ээж болсон хосууд танилцаж байсан түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?

-Манайх хөдөөний малчин айл байлаа. Голын урд байдаг байсан. Нөхөр маань морио алдчихаад эрэлд явж байхдаа намайг харсан гэсэн. Моринд хорхойтой хүн л дээ. Тэгж харснаас хойш манайд байнга л ирэх болсон. Тэгээд л 18-тайдаа танилцаж, 19 настайдаа гэр бүл болцгоосон доо.

Бид залуугаасаа амьдрал зохиосон тул их, дээд сургуульд суралцаж чадаагүй ээ. Хань маань ажил хаана байна, тэнд л явж байдаг. Мундаг хариуцлагатай хүн.

-Залуу хосууд ирээдүйгээ төсөөлөн ярилцдаг байсан байх. Хэдэн хүүхэдтэй болно гэж “шивнэлдэж” байсан бэ?

-Энэ талаар ер ярилцаж байгаагүй ээ. Анхны хүүгээ олоход бид хоёр хоёулаа жаахан байсан. Би ЕБС-ийн төгсөх анги байлаа. Хүмүүс жаахан юм байж хүүхэдтэй боллоо гэж зэмлэх байх гэж бодоод хоёр талын аав ээждээ хэлэлгүй нууж явсаар таван сартай байхад нь мэдэгдсэн. Манай хүн бэр эгчдээ хэлж, бэр эгч нь хадам ээжид хэлсэн байсан. Одоо эргээд бодох нь ээ сайхан л байдаг.

-Тэгэхээр хэдэн настайдаа ээж хэмээх эрхэм алдрын эзэн болсон гэсэн үг вэ?

-19 настайдаа анхны хүүгээ төрүүлж байсан. Хүүгээ төрүүлчхээд яах аа ч мэдэхгүй, уйлахаар нь дагаж уйлчих гээд байсан. Ямар хөөрхөн жижигхэн юм бэ гэж өхөөрдөн бодож, тайвшраад л. Хүүгээ амлуулаад сууж байх үеийн мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй, сайхан байсан. Харин одоо 32 насандаа найман хүүтэй болчхоод л сууж байна.

ХОЁР ДАХЬ ХҮҮГЭЭ ОХИН БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙСАН. ОДОО ГОРЬДЛОГО ТАСАРСААН

-Хүүхдүүд тань хэдэн настай бэ. Ихрүүд бий юу?

-Ихэр хүүхэдгүй ээ. Хамгийн том хүү 14 настай. Харин хамгийн бага нь хоёр сартай. Дөрөв нь сургуулийн насных, хоёр нь цэцэрлэгт явдаг.

-Хүүхэд олдох бүрд охин байгаа болов уу гэсэн горьдлого, хүлээлт төрдөг байв уу. Эсвэл аль нь ч байсан ялгаагүй ээ, бурхны бэлэг гэж боддог уу?

-Хоёр дахь хүүгээ охин байх гэж бодож байсан. Түүнээс хойш охинтой болтлоо төрнө дөө гэж  бодох болсон (инээв). Гэхдээ одоо горьдлого тасарсаан.

-Одоо дахиад хүүхэдтэй болох бодол бий юу. Эсвэл төлөвлөөгүй байгаа юу?

-Хүүхэдтэй болбол төрүүлнэ ээ. Хүн болохоор биднийг зориод ирж байгаа нялх үрийг хорих эрх бидэнд байхгүй шүү дээ.

ХҮМҮҮС “БҮГДЭЭРЭЭ ТАНАЙ ХҮҮХЭД ЮМ УУ. ДАНДАА ХҮҮ ЮМ УУ” ГЭЖ АСУУДАГ

-Хүүхдүүдтэй гадуур хамт явахаар хүмүүсийн сонжооч харц дагадаг уу?

-Тэгнэ ээ. Хүмүүс их гайхаж, зөндөө л юм асуудаг.

-Тэр сонжооч “харц” ихэвчлэн юу гэж асуудаг вэ?

-Зарим хүмүүс “Бүгдээрээ танай хүүхэд юм уу. Дандаа хүү юм уу” гэж асууна. “Ах, дүүгийнхээ хүүхдийг дагуулаад явж байна” гээд зарим нь итгэдэггүй. Харин зарим нь “хөөрхөн юмаа, гоё юмаа” гээд л зургийг нь авдаг.

-Олон хүүтэй байхын сайхан нь юу вэ?

-Гоё шүү дээ. Гэртээ олуулаа бужигнаад л. Хөвгүүд болохоор хөдөлгөөнтэйг ч хэлэх үү. Эрэгтэй хүүхдүүд бас их тустай. Өөрсдийн чадах чинээгээрээ тус болно. Гэрээ цэвэрлэнэ түлээ мод оруулна, усанд явна, дүүгээ харна, хоол хийнэ. Ер нь бол хийж чадахгүй зүйл үгүй. Чаддаг, чаддаг юм аа л хийж, надад тусална. Заримдаа “та амар, амар хүү нь хийе гээд л”. Хүүхдүүд ер нь их хөөрхөн шүү.

“ХУДЛАА ЯРЬЖ БОЛОХГҮЙ. СУРСАН БҮХЭН ЭРДЭМ. БИЕ БИЕДЭЭ ХАЙРТАЙ БАЙ. АХ ДҮҮГЭЭ ХҮНДЭЛЖ БАЙ” ГЭЖ Л ЗАХИДАГ

-Хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ямар зарчим баримталдаг вэ?

-Үр хүүхдийнхээ хажууд архи дарс уух хүмүүжилд нь сөргөөр нөлөөлдөг гэж боддог. Тиймдээ ч хүүхдүүдийнхээ дэргэд архи уудаггүй. Бид хүүхдэдээ “худлаа ярьж болохгүй. Сурсан бүхэн эрдэм. Бие биедээ хайртай бай. Ах дүүгээ хүндэлж бай” гэж л захидаг даа.

-Ээж, халамжит ханийн үүргээ хэр биелүүлдэг гэж өөрийгөө боддог вэ?

-Эмэгтэй хүн ханьдаа түшигтэй байж, үр хүүхдэдээ зөв үлгэрлэх хэрэгтэй. Тийм хүнийг л сайн хань, сайн ээж гэдэг байх. Харин би өөрийгөө, өөрийн чадах хэмжээнд үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа л гэж боддог.

ЭЭЖ МААНЬ “СУРСАН БҮХЭН ЭРДЭМ. БҮГДИЙГ СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙ” ГЭЖ БИДЭНД БАЙНГА Л ХЭЛДЭГ БАЙСАН

-Мартын 8-ны өдөр тул өөрийг тань төрүүлж өсгөсөн ээжийн тань тухай ярихгүй өнгөрч боломгүй байх. Та ээжийнхээ тухай яриач?

-Миний ээж их мундаг хүн бий. Г.Туяа гэдэг. Одоо Улаанбаатар хотод оёдолчноор ажиллаж байгаа. Их хөдөлмөрч эмэгтэй. Чадахгүй юм гэж бараг үгүй дээ. Их гарын дүүтэй хүн бий. Таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн хүн.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын том. Доороо дөрвөн сайхан дүүтэй. Тэдний маань гурав нь эрэгтэй. Нэг нь эмэгтэй. Харин нөхөр маань айлын гурав дахь хүү. Хоёр ах, нэг эрэгтэй дүүтэй.

 -Ээж тань та нарыг сайн хүн болгож, сайхан явуулахын тулд юу гэж сургадаг байв?

-Ээждээ маш их баярлаж явдаг. Ээж маань “Сурсан бүхэн эрдэм. Бүгдийг сэтгэлээсээ хий” гэж бидэнд байнга л хэлдэг байсан. Ээжээсээ сонсож өссөн энэ үгийг үрсдээ би байнга хэлдэг.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх