У.Хүрэлсүх: Байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр Дархан-Уул, Орхон  аймагт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.  Нэр дэвшигч У.Хүрэлсүх   Орхон аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа “Би өнөөдөр Эрдэнэтчүүддээ баярлалаа гэж хэлэх гэж ирсэн. Энэ хүнд цаг үед ард түмнээ тэжээж байгаа, айл өрх бүрийн тог, ус, дулааны мөнгийг төлж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчин, албан хаагчид, Эрдэнэтийн иргэд та бүгддээ ард түмнийхээ өмнөөс баярлалаа гэж  хэлье.  Та бүхнээрээ бид бахархаж байна” гэлээ.  Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт”-д олон удаа ирж байсан бөгөөд   цаашид Орхон аймгийн эдийн засгийн үр өгөөжийг  нэмэгдүүлэхийн тулд оновчтой бүтэцтэй ажиллах шаардлагатай  гэж үзэж байгаагаа тодотгосон.  “Монгол Улсынхаа хөгжлийг том зургаар харах хэрэгтэй. Аймаг орон нутагтаа бүсчилсэн хөгжлийг чухалчилна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд аймаг, сумыг хатуу хучилттай автозамаар холбох “Мянганы зам” төсөл үргэлжилнэ.“Эрдэнэт” үйлдвэрийг “хөгшин үнээ” гэж улсын өмчийг хувьдаа эзэгнэх санаархалтай хэсэг бүлэг хүмүүс хэлж  байсан. Нөөцийг нь шалгаад үзэхэд  “Эрдэнэт үйлдвэр” хөгшин биш “залуу үнээ” байсан. Одоо 60 жил ашиглах боломжтойг бид тогтоосон. Тус үйлдвэрийн  ашгаас 650 тэрбум төгрөгийг ард түмэндээ өгсөн. Нийт айл өрхийн болон 100 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг та бүхэн төлж байна. Өөрөөр хэлбэл, цар тахалтай энэ хүнд цаг үед “Эрдэнэт” үйлдвэрийнхэн ард түмнээ тэжээж байна. “Эрдэнэт”-ийн зэс ард түмнийхээ гэрт, гарт очсон. Тийм ч учраас би сонгуулийн уриагаа “Баялагтаа эзэн Монгол” гэж нэрлэсэн юм шүү”   гэлээ.

Тэрбээр, ард түмнийхээ итгэлээр Ерөнхийлөгч болвол Эрдэнэт хотыг шинэ төлөвлөлтөөр хөгжүүлж, “Инновац, цахим, технологийн үндэсний загвар хот” болгохыг дэмжиж ажиллана.  Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задалж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод олон төвт суурьшлын бүс, дагуул хот, суурингууд байгуулах “Налайх, Багануур, Багахангай”-г өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжинэ. Эрдэнэтийн иргэдийн хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн томоохон төслүүдээ  үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаа учраас дэмжихээ илэрхийлсэн. Түүнчлэн  Эрдэнэтийг Улаанбаатартай холбосон автозамыг дуусгах,  үйлдвэрийнхээ үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, инженерчлэлийг сайжруулах талд анхаарч ажиллахыг захилаа.

 

Ярьснаа хийдэг, эхлүүлснээ  дуусгадаг жишгийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа тогтоосон хэмээн Дарханчууд  үнэллээ

Нэр дэвшигч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэр   “Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байх нь хамгийн чухал. Байгалийн баялгийн үр шимийг адил тэнцүү хүртэх нь шударга ёсны бас нэг зарчим.  Байгалийн баялгийг  хэн нэгэн, ямар нэгэн компани үйлдвэрлэж бий болгоогүй.  Байгалийн баялаг гэдэг  бурхны хишиг. Тэр утгаараа Монгол хүн бүр байгалийн баялгаасаа ижил тэнцүү хүртэж байх ёстой. Энэ бол шударга ёсны  зарчим.  Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө би Монгол Улсын  Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагаа хэлье” хэмээн онцолсон юм.  Зам дагаж хөгжил гэдэг.  У.Хүрэлсүхийн Засгийн газар автозам барих нь хөгжлийг тэлэх, цаг хэмнэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэн замын салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж,  2016-2020 онд 2100 км засмал зам, 2727 метр гүүр барьж ашиглалтад оруулжээ. Тухайлбал, 60 жил хүний гар хүрээгүй Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км замыг зургаан сарын дотор ашиглалтад оруулсан. 80 жилийн настай Улаанбаатар-Дархан чиглэлийн  204.6 км автозамыг шинэчилж, хоёр урсгалтай дөрвөн эгнээ шинэ зам барих их ажил үргэлжилж байна. Ярьсан бол хийдэг, эхлүүлсэн бол дуусгадаг жишгийг нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа тогтоосон хэмээн Дарханчууд  үнэлж байна. Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж, эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах, улмаар гадаадад экспортлох бодлого явуулсан. Сүүлийн 10 жил яригдсан аймгийн төвийн цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлсний нэг нь Дарханы цахилгаан станц юм” гэлээ. 

Дарханд арьс шир  боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. 2020 онд “Дархан” арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт төрийн өмчит компанийн дүрмийг Засгийн газар баталсан. Дархан арьс, ширний цогцолборт 14 барилга, байгууламж баригдахаас дөрвөн  барилга баригдаж, ажил 22.9 хувьтай үргэлжилж байна.  Цогцолборыг ашиглалтад оруулснаар шууд бус 28500 ажлын байр бий болох юм.  Малын гаралтай түүхий   эдээ дотооддоо боловсруулж, баялаг болгох  хүн бүрийн мөрөөдлийн эхлэл тавигдсан түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн учир Дарханчууд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийллээ.  Нэр дэвшигч У.Хүрэлсүх  мөрийн хөтөлбөртөө “Олборлолтоос-боловсруулалт” бодлогыг тусгасан нь ашигт малтмалын түүхий эд экспортлохоос  гадна малын гаралтай түүхий эдээ экспортолж, боловсруулсан бүтээгдэхүүнээ буцаагаад өндөр үнээр худалдаж авдаг байдал үгүй болж, малчин, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд таатай боломж бий болно гэдгийг  Дарханчууд онцолж байлаа. Иргэд, сонгогчидтой хийх уулзалтын үеэр эрх баригч намаас нэр дэвшиж байгаагийн ач холбогдлыг У.Хүрэлсүх “УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гурав нэг намаас сонгогдохын ач холбогдол нь ҮАБЗ-ийн гишүүдийн дундах үл ойлголцол арилж, төрийн хар хайрцагны бодлого батжина. Төрийн тэргүүн бол сөрөг хүчин биш. Дэмжиж, зөвлөж, хамтардаг, бурууг сануулж, сэрэмжлүүлдэг үүрэгтэй хүн. Ерөнхийлөгч сөрөг хүчний байр суурь, хувийн үзэмжээр асуудалд хандаж, гацааж, түгждэг биш төрийн бодлого нэг цонхоор, нэгдмэл байдлаар хэрэгжих ёстой” хэмээн тодорхойлж байна.

 

 

Монгол Ардын Намын сонгуулийн штаб

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх