ХХБ-наас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадорж өмнө нь өөр банкнаас 1.4 тэрбумыг залилж байжээ

  • 0
  • 140
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

СЭЖИГТНҮҮД ОЛДООГҮЙ БАЙХАД СААТУУЛЛАА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛЖЭЭ

Худалдаа хөгжлийн банкны Шангрила дахь салбараас 2 сая ам.доллар буюу 5.7 тэрбум төгрөг залилсан ноцтой хэрэг өнгөрөгч мягмар /2021.05.25/ гарсан. Хэрэгт холбогдуулан, 13-14 иргэнийг сэжигтнээр тооцон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээс нэг холбогдогчийг Дорнод аймгаас саатуулсан гэдгийг эх сурвалжийн мэдээлэл баталж байна.

Монголдоо түшиц системийн банканд тооцогддог Худалдаа хөгжлийн банк албан бланк, тамга, тэмдгийн хуурамч байдлыг ялгаж харалгүй, их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь ихээхэн анхаарал татаж буй. Банкны зүгээс “Уг асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

Улмаар тус банкны эх сурвалж “Мөнгө олдож, сэжигтнүүд саатуулагдсан хэдий ч мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор мэдэгдэл гаргаж болохгүй байгаа” гэсэн мэдээлэл өгөв. Гэвч ЦЕГ-аас уг хэргийн гол сэжигтнээр тооцогдож буй гурван иргэнийг эрэн хайж буйгаа өчигдөр албан ёсоор дахин зарлаад байна.

1.1 САЯ АМ.ДОЛЛАР НЬ АВТОМАШИН ДОТРООС ОЛДЖЭЭ

Эх сурвалжийн мэдээллээр бол, залилан хэлбэрээр гүйлгээ хийгдсэн 2 сая ам.долларын 1.1 саяыг нь Улаанбаатар хотоос Ланд-крузер маркийн автомашин дотроос олжээ. Үлдэгдэл валют нь олдоогүй /2020.05.28-ны өдрийн 13:00 цагийн байдлаар/ байгаа гэх мэдээлэл байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.

Харин Худалдаа хөгжлийн банкны хувьд залилан үйлдэгдсэнээс нэг цагийн дараа мэдэж, Цагдаагийн байгууллагад хандсан аж. Залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадны компанийг төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гүйлгээг хийсэн байжээ.

Цагдаагийн байгууллагын зүгээс автомашинаас олдсон 1.1 сая ам.долларыг одоогоор банканд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

ӨМНӨ НЬ НЭР БҮХИЙ АРИЛЖААНЫ БАНКНААС ХОЁР УДАА, НИЙТ 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАЛИЛАН ХИЙСЭН ЭТГЭЭД УГ ХЭРГИЙГ ҮЙЛДЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн голлох оролцогч болгож, дөрвөн иргэнийг эрэн сурвалжилж буйгаа мэдэгдсэн. Эдгээр дунд 32 настай Б.Бямбадорж гэдэг иргэн багтаж буй. Хачирхалтай нь, Б.Бямбадорж 2019 онд нэр бүхий арилжааны банкнаас итгэмжлэх ашиглан, БНХАУ-ын иргэний данснаас 1.3 тэрбум төгрөгийг залилж авсан түүхтэй аж.

Мөн өнгөрөгч 2020 онд мөн нэр бүхий арилжааны банкнаас “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн 99 сая төгрөг залилсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Б.Бямбадорж нь батлан даалтад гарсан байх хугацаандаа уг хэргийг үйлдээд, оргон зайлсан аж. Тэрбээр 2013 оноос залилан хийсэн түүхтэй нэгэн бөгөөд газар, автомашин зэрэг хөрөнгө ч залилж байжээ. Залилан хийсэн дүн нь хамгийн багадаа 20 сая төгрөгт хүрдэг гэх.

ТЭМДЭГЛЭЛ: Өмнө нь мөн л системийн томоохон банкийг залилсан этгээд батлан даалтад гарсан байх хугацаандаа дахин нэг банкийг залилсан нь эрхгүй анхаарал татах асуудал. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд тасралтгүй залилан хийж, арилжааны банкнаас хоёр удаагийн үйлдлээр 1.4 тэрбумыг залилсан этгээдийг батлан даалтаар гаргасан нь ч хачирхалтай. Б.Бямдоржид хамаарах эл хэргүүд гүүгл орчинд огт илрэцгүй байгаа нь, мөнхүү сэжигтнүүд олдоогүй байхад зориудаар олдсон мэт мэдээлэл тараасан зэрэг нь манай системийн томоохон банкууд энэ мэт залилангийн кэйсээ дарж, нэр хүндээ хамгаалах үйлдэл хийдэг гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх